sonin.mn
1635 оны есдүгээр сарын 25
 
Анхдугаар богд Өндөр гэгээн Г.Занабазар нь Чингис хааны алтан ургийн Батмөнх даян хааны угсааны Очирбат Түшээт хан Гомбодоржийн хүү болон 1635 оны хөхөгчин гахай жилийн энэ өдөр тухайн үеийн Түшээт ханы нутаг Есөн зүйл одоогийн Өвөрхангай аймгийн Есөн зүйл суманд мэндэлжээ. Өндөр гэгээнийг эхээс мэндлэх үед хатан ээж Ханджамцын хөхнөөс нь сүү эс гарчээ. Харин түүний аягач 16 настай охины хөхөнд сүү ороход сүү гарах учиртай хэмээн хэлж охины хөхийг рашаан усаар угаан хүүд амлуулсан түүхтэй. Тэр цагаас хойш охиныг Далай ээж хэмээн нэрлэх болсон гэдэг. Хүү сүм суварга барьж наадах нь онцгой, мөн номыг түвэггүй цээжлэн тогтоодог оюун билэг төгс хүүхэд байжээ. Өндөр гэгээн Г.Занабазар Монголын буддын шашны тэргүүн төдийгүй уран барималч, зураач, яруу найрагч, хэл шинжлэлтэн зэрэг олон талын авьяастай, шашин, төр, соёл, урлагийн зүтгэлтэн, соён гийгүүлэгч хүн байсан. Г.Занабазар буддын гүн ухаан, монгол түвдийн яруу найрагт мэргэшсэн ч дүрслэх урлаг уран барималд түүний билэг авьяас илүү тод илэрч байв.
 
Хутагтын өөрийн гараар туурвин бүтээсэн язгуурын таван  бурхан, “Цагаан дарь эх”, “Ногоон дарь эх”, “Бодь суварга” зэрэг хүрэл цутгамал баримал, мөн өөрийн болон эх Ханджамцын хөрөг зураг гээд хосгүй үнэт бүтээл нь өнөөдөр Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей болон, төв хөдөөгийн зарим музей, сүм хийдэд хадгалагдаж байна.
 
1890 он
 
Оросын цэргийн зүтгэлтэн, Дэлхийн I дайнд оролцогч, дэлхийд Казахын атаман хочоороо алдаршсан Григорий Семёнов 1890 оны энэ өдөр Хаант Орос улсын Забайгалын мужид мэндэлжээ.
 
1939 он
 
Энэ өдөр Герман, Итали, Япон гурван улсын гэрээнд есөн орон гарын үсэг зурснаар тэд тэнхлэгийн орнууд буюу Италийн төлөө тулалдах гүрнүүд гэдгээ зарласан юм.
 
1944 он
 
Холливудын нэрт жүжигчин Майкл Дуглас 1944 оны энэ өдөр Англид мэндэлжээ. Тэрээр жүжигчнээс гадна шилдэг продюссер юм. Түүнийг анх алдаршуулсан бүтээл нь “Сан–Францискогийн гудамж” цуврал кино юм. Үүнээс хойш тэрээр “Зөнч”, “Хүн шоргоолж”, “Тээш” зэрэг алдартай бүтээлд дүрээ мөнхөлж, Оскарын шагнал хүртэж байжээ.
 
1990 он
 
Япон улсын тамирчин, ганцаарчилсан уран гулгалтын Дэлхийн гурван удаагийн аварга Асадо Мао 1990 оны есдүгээр сарын 25-нд төржээ. Тэрээр 14 насандаа гурван эргэлтэт аксель үсрэлтийг амжилттай хийснээр гоц авьяастан хэмээн дэлхийд  алдаршсан юм. Асадо Мао уг үсрэлтийг хамгийн сайн хийсэн шилдэг зургаан эмэгтэй тамирчныг тэргүүлдэг ажээ.
 
Ч.Гантулга
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин