sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Түгээмэл Хөгжил” бие даан амьдрах төв, “Хөгжлийн алтан боломж” ТББ болон “Канад” сан хамтран энэ сараас 2018 оны нэгдүгээр сарыг дуустал “Оюуны бэрхшээлтэй иргэдийг хувийн туслахаар ажиллуулах боломж” загвар төсөл хэрэгжүүлэх болжээ.
 
Монгол Улсын хэмжээнд 110 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий. Үүнээс хүнд хэлбэрийн буюу байнгын асаргаанд байх шаардлагатай иргэд 15 хувийг эзэлдэг байна. УИХ-аас өнгөрсөн онд баталсан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай” хуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн харилцаанд оруулах чиглэлээр заалт орсон. Уг хуулийн хэрэгжилтийг хангах журмын төслийг ХНХЯ-наас боловсруулж байгаа юм. Уг журамд хөгжлийн бэрхшээлтэй иргэд хувийн туслах үйлчилгээ авах, бүлгийн болон ганцаарчилсан зөвлөгөөнд оролцох, түр байршуулан сургалт авах гэсэн гурван үйлчилгээ нэвтрүүлэхээр төлөвлөсөн хэмээн ХНХЯ-ны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Ганболд хэллээ.
 
Тэрбээр, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хувийн туслах үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүдэд ХНХЯ-наас гэрчилгээ олгоно. Эдгээр аж ахуйн нэгжүүд өөрсдөө ажилтнуудаа бэлтгэж авах ёстой. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд үзвэр үйлчилгээ үзэх, хурал цуглаанд очих, усанд орох зэрэг тухайн хүний бие даан гүйцэтгэж чадахгүй ажилд туслахад сургана гэсэн үг. Энэ төрлийн үйлчилгээ үзүүлэх иргэн нэг цагт 3500 төгрөгийн цалин авах юм. Өнөөдөр эхлүүлж буй загвар төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй 10 эмэгтэйд хувийн туслах хийх 20 орчим иргэнийг сургаж, бэлтгэнэ” хэмээв.
 
Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Дэвид Спрул, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бол манай улсын нийгмийн үнэт хэсэг. Тиймээс бид эдгээр иргэдээ нийгэм, эдийн засгийн харилцаанд оруулахад анхаардаг. Тухайлбал, байшин барилгын хаалганы бариул, шат зэрэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд орж, гарахад саадгүй байх зэрэг дэд бүтцийн асуудлуудыг нэрлэж болно. Монгол Улсын хувьд мөн л дэд бүтцээ сайжруулахаас гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулж буй ажил олгогчид дэмжлэг үзүүлэхэд анхаарах нь зөв. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд туслах, тэдэнтэй харилцах чиглэлээр олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх хэрэгтэй” гэлээ.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг