sonin.mn
МАДРИД. /Ройтерс/. Испаниас тусгаар тогтнох асуудлаар бүх нийтийн асуулга явуулахаар өдөр бүр кампанит ажил өрнүүлж буй Каталони мужийн албаны хүмүүст өдөрт 12 мянга хүртэлх еврогийн торгууль ногдуулах шийдвэрийг Испанийн Үндсэн хуулийн шүүх гаргасныг Их Британийн “Ройтерс” агентлаг уламжиллаа.
 
Тусгаар тогтнох асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахыг Испанийн Үндсэн хуулийн шүүх “хууль бус” гэж үзэн хориглосон хэдий ч “Төлөвлөсний дагуу ирэх сарын 1-нд бүх нийтийн санал асуулга явуулна” гэж Каталони мужийн захиргаа мэдэгдсээр байгаа юм.
 
Үүнтэй холбоотойгоор Испанийн Үндсэн хуулийн шүүх Каталони мужийн нөлөө бүхий албан тушаалтнууд, тэдний дотор тус мужийн Сангийн сайд Хосеп Мария Юпитерт торгууль ногдуулах шийдвэрийг пүрэв гарагт гаргасан байна.
 
Мөн дуудсан хугацаанд шүүхэд ирээгүй гэх үндэслэлээр лхагва гарагт Каталонийн хэд хэдэн албаны хүнийг баривчилжээ.
 
Албаны хүмүүсийг баривчилсныг эсэргүүцэн Испаниас тусгаар тогтнохыг дэмжигчид шүүхийн гадна өчигдөр жагсаал хийсэн аж.
 
Каталони мужийн Дэд ерөнхийлөгч Уриол Жункерес өчигдөр мэдэгдэл хийхдээ “10 дугаар сарын 1-нд бүх нийтийн санал асуулга хийлгэхгүйн тулд цагдаа нар албаны хүмүүсийг баривчилж, агуулахаас санал асуулгын 10 сая орчим саналын хуудсыг хурааж авсан. Гэхдээ бид бүх нийтийн санал асуулгыг төлөвлөснийхөө дагуу хийх болно” гэжээ.
 
Испанийн “Эфе” мэдээллийн агентлагийн мэдээлснээр, Каталонийн нөлөө бүхий 6 албаны хүнд өдрийн 12 мянга хүртэлх еврогийн торгууль ногдуулсан бол 16 албаны хүнд өдрийн 6000 еврогийн торгууль ногдуулсан байна.
 
Испанийн зүүн хойд нутагт орших 7.5 сая хүн амтай Каталони хэмээх чинээлэг муж нь өөрийн гэсэн хэл ба соёлтой боловч Испанийн Засгийн газрын удирдлага дор байдаг юм.
 
2008 оны дэлхийн санхүүгийн их хямралаас хойш эдийн засгийн хямралаас бүрэн гарч чадахгүй байгаа Испанийн Засгийн газарт каталоничуудын татварын орлогоос хэтэрхий их мөнгийг өгч байна гэж ард иргэд нь шүүмжлэх болсноор Каталонийн захиргаа тусгаар тогтнох асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулах шийдвэрийг гаргахад хүрсэн ажээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг