sonin.mn
ТРИПОЛИ. /Би-Би-Си/. Ливийн эргийн ойролцоо явсан усан онгоцны шатахуун дууссаны улмаас осолдож, наад зах нь 50 гаруй хүн амиа алдсан байж магадгүй ажээ. 100 орчим хүн суусан уг усан онгоц баасан гарагт Ливийн баруун хэсэгт орших Сабрата хотоос гарсан байна гэж албаны хүмүүс Би Би Си агентлагт мэдээлэв. 
 
Уг онгоц живэхээсээ өмнө хэдэн өдрийн турш урсгал даган хөвж явсан бөгөөд лхагва гарагийн өглөө Зувара хотын эрэг орчмоор усны урсгалд хөөгдөн хөвж гарч ирсэн байна. 35 хүнийг аварч чадсан бөгөөд 8 хүний цогцсыг одоогоор гаргаж авсан гэж албаны хүн мэдээлжээ.  Амьд үлдсэн хүмүүс бүгд Сахарын өмнөд хэсгийн Африкаас ирсэн хүмүүс байсан бөгөөд  далайгаар дамжин өмнөд Европт очих гэсэн дүрвэгсэд Ливиэр дамжин өнгөрдөг аж.
 
Хүний наймаачид тэднийг далайд аялахад шаардлага хангахгүй усан онгоцонд суулган Газар Дундын тэнгист өөрсдийнх нь хувь заяанд даатгаад орхидог юм байна. НҮБ-ын мэдээлснээр он гарснаас хойш одоог хүртэл нийт 100 мянга гаруй дүрвэгсэд Газар Дундын тэнгисээр дамжин Италид ирдэг. Харин 2 400 гаруй хүн хүрэх газраа хүрч чадалгүй амиа алддаг байна.  
 
Х.Сарнай
Эх сурвалж: Монцамэ агентлаг