sonin.mn
“Өдөр тутмын сонины анхдугаар форум” өчигдөр боллоо.  Бусад салбарын хурал чуулган, жагсаал,  цуглааныг сурвалжилж явснаас биш сонинынхон өмнө нь ингэж цуглаж асуудлаа ярилцаж байсангүй.  100 гаруй жилийн настай Монголын тогтмол хэвлэлийн гал тогоонд шийдвэрлэх асуудал мундахгүй олон байгааг чуулганд оролцогчид онцолсон.  Сонин бол нэг утгаараа түүх байдаг.   Хүн төрөлхтний нэгээхэн цаг үеийн үйл явдлыг цагаан цааснаа хараар бичин үлдээж байгаад үнэ цэнэ нь оршиж байна.  Гэхдээ дэлхий нийтээрээ цахим хэрэглээг чухалчилж буй энэ цаг үед цаасан хэвлэлийн үнэ цэнийг хадгалж үлдэх нь Монголын өдөр тутмын сонинуудын  нэгэн чухал үүрэг нь болжээ.  Мэдээлэл хүргэх үүргээ ч биелүүлнэ, үнэ цэнээ ч өндөрт өргөж явна. Ингэхийн тулд бид яах вэ. Цаасан сонинг  цахимтай уялдуулж хэрхэн хөгжүүлэх, шуудан холбоо, бизнес, улс төрийн салбарынхантай хэрхэн уялдаж ажиллах вэ.  Энэ л асуудлууд чуулганы гол сэдэв байв. “Сонин бол нийгмийн хамгийн гол медиа”, “Хэвлэмэл бүтээгдэхүүний зах зээл ба нийгмийн сэтгэлгээ”, “Техник технологийн сорилт ба уламжлалт медиа”, “Эрэн сурвалжлах сэтгүүлзүй болон сонины манлайлал”, “Олон улсын сонины зах зээл ба эдийн засгийн мэдээллийн ач холбогдол” гэсэн сэдвээр оролцогчид илтгэлээ хүргэв.  Түүнээс гурван илтгэлийг тоймлон хүргэж байна.
 
 
Э.Долгион: УНШИГЧ ХОГИЙН САВ БИШ ГЭДГИЙГ ӨДӨР ТУТМЫН СОНИНЫХОН МЭДДЭГ
 
 
Монголын өдөр тутмын сонины холбооны Ерөнхийлөгч Э.Долгион “Сонин бол нийгмийн хамгийн гол медиа” гэсэн сэдвээр мэдээлэл хуваалцлаа.  Тэрээр хүмүүс өдөр тутмын сонины эрин үе дууссан юм биш үү гэж асуудаг, ярьдаг. “Сонины захиалга муудлаа. Дандаа өндөр настнууд сонин уншдаг болж дээ. Би бараг бүх мэдээллээ фэйсбүүкээс авдаг” гэх нь бий. Зарим хүнд ингэж санагддаг байх. Гэвч бодит байдал үүнээс огт өөр гэдгийг онцолмоор байна. Өдөр тутмын сониныхон уншигч бол хогийн сав биш гэдгийг мэддэг. Сонинд багтаагүй мэдээлэл бол чухал байгаагүй нь ойлгомжтой. Цаг хугацаа улам хязгаарлагдмал, мэдээллийн урсгал хурдтай нэмэгдэж байгаа энэ үед сайтар шигшиж сонгосон мэдээлэл хамгийн үнэ цэнэтэй хэвээр байна.  Уншигчдын 90 хувь нь мэдээллийг өөрийн итгэдэг эх сурвалжаас шууд авахыг хүсдэг. Фэйсбүүк, цахим орчны хуурамч мэдээ, учир дутагдалтай шуурхай мэдээ, бүрэн бус мэдээллээр дүүрсэн энэ үед уншигчдын сонинд итгэх итгэл эргээд нэмэгдэж байна. Учир нь долоо хэмжиж нэг огтол гэдэг үг эдүгээ сонины редакцид л хэрэгжиж буй.  Мөн дэлхийн хүн амын тал хувь нь өдөр бүр сонин уншиж байна. Нэг өдөрт 2.5 тэрбум сонинг хэвлэмэл хэлбэрээр, 600 сая сонинг цахим хэлбэрээр уншдаг. Өнөөдөр өдөр тутмын сонинууд нийгмийн хамгийн хариуцлагатай бөгөөд хүнд хэсэгт ажиллаж байгаа нь үнэн. Монгол Улсад мэдээллийн урсгал хангалттай бий. Гэхдээ мэдээлэл бүрийн цаад учир шалтгааныг тайлж мэддэг болох үйл явц дутагдалтай байна.  Өдөр тутмын сонинуудын холбоо үүнийг ухамсарлаж, сонины сэтгүүлчдээ дэмжихэд түлхүү анхаарна. Үүний эхлэл болгож, хамгийн чанартай, нийгмийн анхаарал татсан сэдэвтэй эрэн сурвалжлах бүтээлүүдийг урамшуулах ажлын эхлэл тавигдаж байна. Иймд өдөр тутмын сонинд ажилладаг сэтгүүлчээс эхлээд хүн бүхний итгэл үнэмшил хүч нь сулраад буй монголчуудын энэ дархлааг хамгаалахад чухал үүрэгтэй юм. Дархлаагаа хамгаалж чадах тэр л медиа Монголд хамгийн чухалд тооцогдох ёстой гэлээ.
 
З.Энхтөр: ЗАР СУРТАЛЧИЛГААНААС САНХҮҮЖИЛТ ХАЙХААСАА ИЛҮҮ АГУУЛГАДАА АНХААР
 
“Слайд” компанийн гүйцэтгэх захирал З.Энхтөр “Техник технологийн сорилт ба уламжлалт медиа” сэдвийн хүрээнд илтгэлээ хүргэсэн. Өдөр тутмын сонинуудаас цөөнгүй нь онлайн хувилбар, захиалга аваад эхэлсэн. Гэсэн хэдий ч нийт орлогынх нь 80-88 хувийг цаасан хувилбараасаа,12-20 хувийг цахим захиалгаас олж байна. Энэ 12-20 хувь гэдэг нь сүүлийн гурван жилийн хугацаанд зургаа дахин өссөн үзүүлэлт гэдгийг З.Энхтөр илтгэлдээ онцоллоо.  Мөн 2005 оноос хойш дэлхийн сонины зах зээл огцом агшиж байгаа юм байна.  Зар сурталчилгаанаас олох орлого гэхэд даруй хоёр тэрбум ам.доллараар буурч, хэвлэмэл сонин дээрх сурталчилгааны зах зээл 2006 оны үзүүлэлтийнхээ тал хувьд ч хүрэхгүй байгаа гэнэ. Хүмүүс хэвлэмэл сонинд сурталчилгаа тавихаас илүү цахим сонин, цахим хэвлэлд сурталчлах нь хүртээмжтэй гэж үзэх болсон байна. Тиймээс цаасан хэвлэлийнхэн цаашид зар сурталчилгаанаас санхүүжилт хайхаасаа илүү агуулгадаа анхаарч, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэн захиалгаа нэмэгдүүлэх нь зөв гэсэн зөвлөмжийг ч давхар дайлаа.
 
Хөгжингүй орнуудад ч цахим сонин хүчээ авч харин хөгжиж буй орнуудын хувьд цаасан хэвлэл моодноос гарах болоогүй гэсэн судалгааг танилцуулж байв.
 
Б.Дуламхорлоо: СОНИН БОЛ ТАНСАГ БҮТЭЭГДЭХҮҮН
 
“Засгийн газрын мэдээ” сонины тэргүүн орлогч эрхлэгч Б.Дуламхорлоо “Сонины гол өрсөлдөөн мэдээлэл биш мэдлэг байх болно” гэдгийг илтгэлдээ тодотгов. Түүний хүргэсэн “Олон улсын сонины зах зээл ба эдийн засгийн мэдээллийн ач холбогдол” илтгэл нэлээд сонирхолтой тоо баримтыг харуулав.  Тэрээр “Өнөөдөр олон улсад мэдээллийн эрэмбэлэхдээ эдийн засгийн мэдээллийг илүү чухалчилж, байна.  Тэдний мэдээллийн бүтцийн 50 хүртэл хувь нь эдийн засгийн мэдээлэл байдаг бол манай улсад  улс төрийн сэдэв хамгийн чухал, онцгой мэдээлэл тооцогдож байгаа. Ингэж улс төржихийн хэрээр хэвлэл өөрөө улс төрөөс хараат байсаар байна гэв. Мөн сонин бол тансаг бүтээгдэхүүн. Сонинд сайн сэтгүүлчид, сайн нийтлэлчид байна. Харин одоо сайн менежерүүд хэрэгтэй байна” гэлээ. Түүний илтгэлийн дүгнэлтээс харахад бид хумигдаж байгаа зах зээлээс булаацалдах бус зах зээлийнхээ хэмжээг тэлэх шаардлагатай байгаа юм байна.  Мөн технологийн хөгжлөөс цэрвэх бус ашиглах, нийгмийн ойлголтыг өөрчлөх, сонины үнийг зохистой хэмжээгээр өсгөх, fake news буюу хуурамч мэдээлэл газар авсан үед үнэ цэнэтэй,  мэдлэг болохуйц мэдээллийн хэмжээг өсгөх, мөн өдөр тутмын сонинууд хоорондоо хамтран ажиллаж асуудлаа шийдвэрлэх шаардлагатай болж байна.
 
“ӨДӨР ТУТМЫН СОНИНЫ МЭДЭЭЛЭЛ НИЙГЭМД ИЛҮҮ ХҮЧТЭЙ ХҮРДЭГ”
 
Мөн “Өдөр тутмын сонины анхдугаар форум”-д энэ салбарт элэгтэй болон энэ салбараас төрөн гарсан эрхмүүд хүрэлцэн ирж санал бодлоо солилцлоо.  Нийтлэлч Баабар  “Өнөөдөр манай улсад өдөр тутмын 11 сонин үйл ажиллагаа явуулж байна. Хүн амынхаа тоотой харьцуулбал нэлээд өндөр дүн. Таван жилийн өмнө болов уу манайд өдөр тутмын сонины тоо 30 дөхсөн байлаа.  Харин одоо цөөрч байна. Чанартай, бодитой мэдээлэл түгээгчид нь ялгаран үлдсээр байгаа. Өдөр тутмын сонин эрхлэн гаргахын тулд маш их хөдөлмөр, хөрөнгө мөнгө зарцуулдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд мэдээллийн сайтууд болоод нийгмийн сүлжээ хүч түрэн хөгжсөнөөс цаг зав, хөрөнгө мөнгө зарж бүтээсэн сонины үнэ цэнэ улам бүр буурч, өдөр тутмын сонинууд зах зээлээс түрэгдэх вий гэсэн айдас бий болсон. Үнэ төлбөргүй мэдээ, мэдээлэл цацагдсаар байхад мөнгө төлж сонин захиалах хэрэг байна уу гэж асуух уншигч цөөнгүй байна. Гэвч нийгмийн сүлжээ ч нөлөөллийн хувьд сонины энд хүрэхгүй. Сонин, судалгаа тоо баримттай, эх сурвалжтай, бодит мэдээлэл түгээдэг гэсэн итгэл үнэмшил одоо ч хүчтэй хэвээр байна” гэдгийг онцолж байв.  Мөн Монгол Улсын Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, шог зураач С.Цогтбаяр нар энэ салбарт тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдэх талаар хэлэлцүүлэгт санал бодлоо хүргэв. Р.Амаржаргал “Сонины нийтлэлийн цаана хүн байдаг.  Редакциуд  сэтгүүлчээ чадавхжуулах, хөгжүүлэх, амьдралыг нь сайжруулах талаар анхаарах хэрэгтэй. Үүний дараа  тухайн сэтгүүлчээс сайн, чанартай нийтлэлүүд гарна.  Тэгээд эргээд олон нийтэд таалагдаж, борлуулалт чанар сайжрах юм.  Би өдөр тутмын сониныг нийгмийн зохион байгуулагч гэж боддог.  Энэ сэтгэлгээ маань одоо ч нийгэмд өөрчлөгдөөгүй хэвээрээ, үнэ цэнээ алдаагүй байх гэдэгт итгэл дүүрэн байна”  гэлээ.  Ийнхүү өдөр тутмын сониныхон  анх удаагаа форум зохиож, “Хууль зүйт шударга нийгмийн төлөө эрэн сурвалжлах сэтгүүл зүйг дэмжих өдөр тутмын сонинуудын тунхаг”-ийг үзэглэв. Мөн анх удаа ёс зүйн тунхагаа албажууллаа. Энэ чуулган нь өдөр тутмын сонины хөгжлийг шинэ шатанд хүргэх эхлэлийг тавьсан үйл явдал боллоо гэдгийг оролцогчид хэлж байлаа.
 
 
Т.Батсайхан
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин