sonin.mn
Дамаск /Haqqin.az/. 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Оросын Агаар, сансрын цэргийн хүчин Сирид цэргийн ажиллагаа явуулж эхэлснээс хойш яг хоёр жилийн хугацаа өнгөрч байна. Өнгөрсөн хугацаанд тус улсад нөхцөл байдал эрс өөрчлөгджээ. 9 дүгээр сарын 12-нд Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Сирийн Ерөнхийлөгч Башар Асадтай уулзахдаа мэдэгдсэнээр бол, одоо Сирийн нутаг дэвсгэрийн 15 хүрэхгүй хувь нь террористуудын хяналтанд байгаа аж.
 
Хэдхэн хоногийн өмнө Сирийн арми Дейр аз-Зор хотын бүслэлтийг сэтэлж чадсан ба ойрын өдрүүдэд тус хотыг “Лалын улс”-аас бүрэн чөлөөлөх гэж байна. Бүрэн төгс ялалтад хүрэхэд хэдхэн сарын хугацаа үлдэж байгаа мэт сэтгэгдэл төрж байгаа бөгөөд 2018 оны 3 дугаар сард Орост болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн Сирид явуулсан терроризмын эсрэг ажиллагаа амжилттай дууссан талаар цэргийнхэн ёслол төгөлдөр байдлаар илтгэх бололтой.
 
Одоогийн байдлаар, “Лалын улс”-ын террористуудын гарт Дейр аз-Зор мужийн нутаг дэвсгэрийн тун багахан хэсэг нь үлдээд байгаа юм. Эрт орой хэзээ нэгэн цагт тэднийг бүрэн устгах буюу хөрш Иракийн нутаг руу хөөж гаргах нь тодорхой. Оросын эрх баригчид анхнаасаа “Лалын улс” бүлэглэлийг устгах зорилт тавьсан бөгөөд террористуудыг Сирийн нутгаас хөөн гаргаснаар уг зорилт биелсэн гэж үзэж болох юм. Ингэснээр газрын зураг дээр саарал өнгөөр тэмдэглэсэн газар орон үлдэхгүй болой.Үүний дараа Хмеймим баазад ёслолын сүрт жагсаал болж, олон улсын терроризмыг ялсныг Москвад Ерөнхийлөгч В.Путин тунхаглан зарлах болно.
 
 Энэ бүхний дараа Хмеймим болон Тартус дахь агаарын цэргийн баазууд Оросын мэдэлд хэвээр үлдэх нь мэдээж. Үүнээс гадна, Оросын бизнесийнхэн зарим давуу эрхийг эдлэх болно. Урьд нь тэд Сирийг бараг сонирхдоггүй байсан юм.
 
Одоо Сири нэгдмэл улс хэвээр байх уу, иргэний дайн төгсгөл болох уу? гэдэг асуулт урган гарч байна.
 
Сирийн газар нутгийн 85 хувийг террористуудаас чөлөөлсөн гэж байгаа боловч Б.Асадын засгийн газар үнэн хэрэгтээ 50 хувийг нь хянаж байгаа юм. Алеппо, Идлиб, Хама, Хомс, Дараа, Латакия мужуудын нэлээд хэсэг болон Дамаскийн хаяа хотуудыг хууль бус зэвсэгт бүлэглэлийнхэн эзэлсэн хэвээр байна. Нийслэл Дамаск хотын Жобар, Дума, Гута гэдэг районууд тэдний хяналтанд байсаар байгаа юм. Оросын элчин сайдын яамны хашаа руу миномётын сум үе үе нисэн орж ирж байна. Хотын төвөөс 8-хан км-ийн зайд орших Палестины дүрвэгсдийн “Ярмук” хуаранг “Лалын улс” бүлэглэлийнхэн хэсэгчлэн хянадаг хэвээр.
 
Зэвсэгт сөрөг хүчний маш олон отрядууд Астанагийн энхийн хэлэлцээнд оролцож, гал зогсоох тухай тохиролцоонд хүрсэн боловч сөргөлдөгч талууд уг тохиролцоог байнга зөрчиж байна. Аядуу сөрөг хүчнийхнийг “Аль-Каида”-гийн эсрэг тулалдуулах гэсэн оролдлого бүтэлгүйтлээ. Террористууд халз тулалдаанд ялсаар байна. Тухайлбал, 8 дугаар сард Идлиб мужид үйл явдлыг дурдаж болно. “Аль-Каида”-г Сириэс хөөж гаргасан ч гэсэн үймээн самуунтай байгаа районуудыг тохинуулахад асар их хүч, цаг хугацаа шаардагдах төлөвтэй байна.
 
Чечений хоёрдугаар дайны дараа Орос улс яг ийм асуудалтай тулгарч байсан юм. Нурж сүйрсэн бүгд найрамдах улсыг сэргээн босгож,  Оросын эрх зүй, эдийн засгийн орон зайд оруулах хэрэгтэй болсон билээ. Одоо энэ үйл явц бүрэн дууссан гэж хэлэхэд хэцүү.
 
Турк улсад ч мөн адил ийм асуудал тулгарч байсан юм. Мөргөлдөөний оргил үе 1998 онд дууссанаас хойш курдын асуудал өнөө хэр нь шийдвэрлэгдээгүй байна.
 
Тэгвэл Сири дэх нөхцөл байдал үүнээс ч илүү төвөгтэй байгаа билээ. Сирийн сөрөг хүчин хэрэг дээрээ олон улсын хамтын нийгэмлэгийн хамгаалалтад орчихоод байгаа бөгөөд Орос улсын хувьд, уг сөрөг хүчнийг энхийн үйл явцад оролцох ёстой хууль ёсны субъект гэж үзэж байгаа юм. Турк улс гэхэд, “Евфратын бамбай” гэдэг ажиллагаа явуулсан газар нутагт Сирийн үндэсний шинэ армийг байгууллаа. Энэ армийг сөрөг хүчний талд орсон Сирийн армийн цэргийн албан хаагчид бүрдүүлж байгаа юм.  
 
Ялангуяа Сирийн хойд нутагт курдуудтай холбоотой маш төвөгтэй нөхцөл байдал үүсээд байна. АНУ тэднийг өөрийн холбоотон гэж зарлаад хэд хэдэн цэргийн бааз байгуулж өгсөн ба курдын өөрийгөө хамгаалах отрядуудын тусламжтайгаар “Лалын улс”-ын эсрэг амжилттай тулалдсаар. Сүүлийн хоёр жилийн хугацаанд курдуудын хяналтад байгаа газар нутгийн хэмжээ хэд дахин тэлжээ. Уг газарт Сири дэх нефтийн хамгийн баян ордууд, үржил шимтэй нутаг бэлчээр байдаг юм.   
 
Дейр аз-Зор руу хийсэн Сирийн армийн давшилт амжилттай болсны дараа АНУ-ын цэргийн командлал Ракка хотын орчимд байсан цэргийнхээ нэлээд хэсгийг хойд зүг рүү татахаас аргагүйд хүрчээ. Цэрэг татсан зорилго нь нефтийн томоохон ордууд бүхий Евфрат мөрнөөс хойших газрыг Сирийн засгийн газрын армид алдахгүй байхад оршиж байлаа.  
 
Курдууд ч тэр, тэдний холбоотон болох америкчууд ч тэр аль алинд нь  “Ардчилсан Сири” гэдэг бүх Сирийг хамарсан хөдөлгөөнийг төлөөлөх нь ашигтай байгаа юм. Эрх чөлөө, ардчиллын төлөөх Курд-Сирийн нэгдэл, “Лалын улс”-ын эсрэг тулалдаж буй арабын отрядуудын тухай болон Сирийн бүх үндэстэн, шашны бүлгүүдэд эрх чөлөөг авчирна гэсэн суртал ухуулгыг тэд тасралтгүй хийж байгаа юм. Эдгээр отрядуудыг хууль бус гэж зарлахыг Сирийн засгийн газар болон Оросын цэргийн командлал одоохондоо төдийлөн яарахгүй байна. Учир нь, хэт их гүрнээс эмээж байгаагийн зэрэгцээ Вашингтонтой хамтран терроризмын эсрэг тэмцэнэ гэсэн найдлага тэдэнд байгаа юм.
 
Гэвч сүүлийн үед энэ найдлага тасрах шинжтэй болж ирлээ. Учир нь, Евфрат мөрний зүүн хойд эрэгт “Лалын улс” бүлэглэл давшилт явуулж эхэлсэн тэр үед Сирийн засгийн газрын цэргийг тэнд оруулахгүй, тийш нэвтрэх аваас тэднийг  бөмбөгдөнө гэж америкчууд мэдэгдсэн байна. Гэсэн хэдий ч 9 дүгээр сарын 15-нд Сирийн цэрэг Евфрат мөрөнд хүрсэн ба АНУ болон курдууд мэдэгдэхдээ “давшилт хийж буй Ардчилсан Сирийн цэргүүд рүү Оросын Агаар-сансрын цэргийн хүчин дайрсан” гэж буруутгалаа.   
 
Одоо Сири орны хувь заяа Дейр аз-Зорын орчимд шийдэгдэж байна. Евфрат мөрнөөс зүүн хойд зүгт байдаг нефтийн ордуудыг хэн авах вэ гэдгээс Сирийн ирээдүй хамаарна. Сири улс өөрийн хүчинд тулгуурлан дахин сэргэн босох уу эсвэл АНУ, ОХУ, Иран, Израиль зэрэг улсуудын улс төрийн өрсөлдөөний субъект цаашид байсаар байх уу гэдэг нь шийдэгдэх юм.
 
Омар Бессам
 
Орчуулсан: Б.Адъяахүү
Эх сурвалж: Монцамэ агентлаг