sonin.mn
ТОКИО. /Жапан таймс/. Япон улсын Засгийн газрын хамгийн сүүлийн үеийн мэдээгээр тус улсад амьдарч буй 90 болон түүнээс дээш настай хүмүүсийн тоо анх удаагаа 2 саяд хүрсэн байна.
 
Энэ тоо 2004 онд 1.02 сая байсан бол хоёр дахин өсч 2.06 сая болжээ.
 
Японд 65-аас дээш настай 35.14 сая хүн амьдарч байгаа бөгөөд энэ нь нийт хүн амын 27.7 хувь нь болж байна. Даваа гарагт болсон Ахмадыг хүндэтгэх өдрийн үеэр гаргасан тус тайланд Япон улсын нийт төрөлтийн тоо буурч байгаа нь улс орны эдийн засаг, тэр дундаа ажил эрхлэлт болон орон сууцны зах зээлд хэдийнээ нөлөөлж эхэлснийг онцлон дурдсан байна.
 
Японы эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яамны мэдээлж байгаагаар 2016 онд анх удаагаа төрөлтийн тоо 1 саяаас доош болж буурсан байна. Одоо тус улсын нийт хүн амын тоо 127 сая байгаа бөгөөд энэ нь 2065 он гэхэд бараг 40 сая болж буурах төлөвтэй байна гэж Японы хүн ам, нийгмийн аюулгүй байдлын судалгааны үндэсний хүрээлэнгээс мэдээлжээ.
 
Ийнхүү нийт хүн амын тоо буурч байгаа явдал нь залуучууд нь ажилдаа их анхаарал хандуулж, бэлгийн харилцаанд орж, гэр бүл болохоос татгалздаг болсон мөн хүмүүс илүү урт насалдаг болсонтой холбоотой гэж судлаачид үзэж байна.
 
Энэ жилийн эхээр хийсэн судалгаанаас харахад япон хүмүүсийн гуравны нэг хувь нь 30 нас хүртлээ бэлгийн харилцаанд орж үзээгүй байсан бөгөөд сүүлийн үеийн хүн амын судалгаагаар ахмад настай хүмүүсийн улсынхаа эдийн засагт оруулж буй хувь нэмрийг онцлон дурдсан байна.
 
Өнгөрсөн жилийн байдлаар 65 дээш настай 7.7 сая хүн ажил хөдөлмөр эрхэлж байсан бөгөөд тэдний 3.01 сая нь цагийн болон түр ажил эрхэлж байсан байна. “Ахмад настай хүмүүс ажил хөдөлмөр эрхлэх их сонирхолтой байдаг бөгөөд тэднийг ажилд авахыг зөвшөөрч ажиллуулдаг компаний тоо улам өсч байна” гэж статистик тоо баримт хариуцсан яамны ажилтан мэдэгдсэн байна. Тус улсын хүн ам урт насалж байгаагийн улмаас “ахмад настай хүн” гэж 65-аас дээш насны хүмүүсийг биш харин 75-аас дээш насныхныг нэрлэж байх нь зүйтэй юм гэж зарим эмч, академич нар үзэж байна.
 
Х.Сарнай 
Эх сурвалж: Монцамэ агентлаг