sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийг хэрэгжүүлэх зорилгоор МҮЭХ- ноос Засгийн газартай Хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэх болжээ.
 
Уг хэлэлцээрээр бүх төрлийн татварын хэмжээг өөрчлөх, шинэ татвар бий болгоход түншлэгч талуудтай зөвшилцөх, тэтгэвэр, тэтгэмж, цалин хөлсийг нэмэх асуудлыг эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан 2018 оны улсын төсөв батлагдахаас өмнө нэмэлт хэлэлцээр байгуулж, шийдвэрлүүлэх зэргийг тусгасан юм. Гэвч Засгийн газраас уг хэлэлцээрийг хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой алхам хийхгүй байгаа тул хамтын маргаан үүсгэхээр шийдвэрлэсэн хэмээн МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэллээ.
 
Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 10 дугаар бүлэгт зааснаар хөдөлмөрийн хамтын маргааныг хамтын гэрээ, хэлэлцээрийн заалтыг биелүүлэх талаар шаардлага тавьж үүсгэх эрхийг зөвхөн ажилтны төлөөлөгч буюу МҮЭХ эдэлдэг байна. Хамтын маргааныг зуучлагч урьж оролцуулах, хөдөлмөрийн арбитраар хэлэлцэх, ажил хаях гэсэн шат дараалсан арга замаар шийдвэрлэдэг байна. Үүний дагуу МҮЭХ-ноос энэ оны тавдугаар сард жагсаал зохион байгуулсан юм.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг