sonin.mn
БЭЭЖИН. /Шиньхуа/.  Хятад-Оросын хамтарсан тэнгисийн цэргийн сургуулилт ОХУ болон Умард Солонгосын хилийн ойролцоо эхэллээ гэж орон нутгийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн байна. 
 
ОХУ-ын зүүн өмнөд хэсэгт байрлах Владивосток хотын ойролцоо даваа гарагт эхэлсэн уг сургуулилт нь энэ 6 дугаар сард эхэлсэн Хятад-Оросын “Хамтын тэнгис- 2017” хөтөлбөрийн хоёр дахь хэсэг нь болж байгаа юм. 
 
Уг сургуулилтын үеэр шумбагч онгоцны аврах үйл ажиллагаа, шумбагч онгоцны эсрэг үйл ажиллагааг сургуулилах бөгөөд энэ нь Умард Солонгосын зүгээс үзүүлж байгаа дарамт шахалттай огт хамаагүй гэж Хятадын "Шиньхуа" агентлагийн мэдээнд тэмдэглэжээ. 
 
Мөн Өмнөд Солонгос болон АНУ-ын хамтарсан байлдааны сургуулилт Солонгосын хойгт даваа гарагт болсон бөгөөд энэ сургуулилтанд АНУ-ын 6 нисэх онгоц, Өмнөд Солонгосын 4 байлдааны тйирэлтэт нисэх онгоц оролцсон гэж Өмнөд Солонгосын дотоодыг хамгаалах яамны сайд Сонг Ян Мү мэдэгдсэн байна. Вашингтон болон Сөүлийн хамтарсан сургуулилтыг сард 2-3 удаа хийж байна гэж тэрбээр нэмж хэлсэн байна. 
 
Сүүлийн 7 хоногуудад Солонгосын хойг дахь байдал улам түгшүүртэй болж байгаа бөгөөд 9 дүгээр сарын 3-нд Умард Солонгос 6 дахь, хамгийн хүчтэй цөмийн зэвсгийн туршилтаа хийсэн юм. 
 
НҮБ-ын Аюулгүй Зөвлөлөөс хямралт байдлын асуудлаар 9 дүгээр сарын 11-нд хуралдсаны дараа өнгөрсөн 7 хоногт Умард Солонгосын эсрэг шинэ хориг арга хэмжээ авах тухай тогтоолыг санал нэгтэй дэмжсэн билээ. Нэхмэл, сүлжмэл эдлэлд тавьсан хориг болон газрын тосны нийлүүлэлтийг хязгаарлах арга хэмжээ авч байгаа нь Умард Солонгосын цөмийн зэвсгийн хөтөлбөрийг улам эрчимжүүлэх болно гэж Пхеньян мэдэгдсэн юм. 
 
БНХАУ болон ОХУ-ын зүгээс энэхүү хямралт байдлыг тайван замаар шийдэхийг удаа дараа уриалсан боловч НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд өөр сонголт үгүй болсон гэж АНУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Никки Хэйли мэдэгдээд, уг асуудлыг Пентагонд шилжүүлэх хэрэгтэй болж магадгүй юм гэж анхааруулжээ.
 
АНУ-ын зүгээс тусгаар тогтносон улс руу дайрч довтлох аюулыг хорьж барьж байхын тулд Пхеньян цөмийн зэвсгийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх хэрэгтэй байна гэж Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун мэдэгдсэн байна. АНУ болон Умард Солонгос улс үндсэндээ дайны байдалд байгаа гэхэд хилсдэхгүй, учир нь 1950-1953 оны Солонгосын мөргөлдөөн энхийн хэлэлцээрээр бус харин дайныг түр зогсоосон байдалтай төгссөн юм гэж зарим хэвлэлд тэмдэглэжээ.
 
Х.Сарнай 
Эх сурвалж: Монцамэ агентлаг