sonin.mn
МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч, хөтлөгч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Рагчаатай ярилцлаа.
 
-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Үндэсний телевиз гэдэг том айлтай хэрхэн холбогдсон юм бэ. Энэ талаар яриагаа эхэлье?
 
-Би анх 16 настай дагалдан жүжигчин болж байлаа. Иргэний үнэмлэхээ аваад ажилд орох эрхтэй болсон учир авьяасаа шалгуулж урлагийн газарт орох ёстой гэж бодсон.
 
Багаасаа дуулж, бүжиглэнэ, сүүлдээ шүлэг уншдаг болсон. Биднийг сургуульд орох үед урлаг, спорт нэгдүгээрт тавигддаг байлаа. Шинэ жил, ямар нэг үйл явдал болоход ангийн хүүхдүүдээс хэн дуулж, бүжиглэх вэ гэнэ. Тухайн үед их нуугдмал байлаа. Би гээд шууд гарахгүй. Тэгсэн манай ангийн нэг хүүхэд Рагчаа дуулдаг гэхэд нүүр халуу оргиод “Үгүй ш дээ” гэсэн чинь “Чи эртээд хураалттай модны ард дуулж байсан шүү дээ” гэлээ. Хүүхдүүд дуулахаараа нуугдаж дуулдаг байлаа. Авьяас гэдэг цаанаасаа хүнийг дуулуулаад байдаг юм байна лээ. Улсын хүүхэлдэйн театрт шалгуулаад дагалдан жүжигчнээр тэнцсэн. Уг нь дуучин болохоор Цэргийн ансамбельд шалгуулахад уран сайхны удирдаач Г.Цэрэндорж төгөлдөр хуур дээр шалгаад “Нас нь бага байна. 18 хүрээд ир, уг нь дуулах хүүхэд байна” гэсэн. Хоёр жил гэдэг их хугацаа мэт санагддаг юм билээ.
 
-Тэгээд Та хүлээж чадалгүй хүүхэлдэйн театрт орсон юм уу?
 
-Хүүхдийг бурхан, тэнгэр ивээдэг юм билээ. Хүүхэд ажилд авдаг газар хайж байгаад Драмын театрын хаалга бүрийн хаягийг хараад явж байтал нэг хаалганаас гозгор, цоохор нүүртэй бор хүн гарч ирэхэд нь “Ах аа, театрын дарга нь хаана байдаг юм бэ” гэв. Нөгөө хүн дээрээс доош хүртэл харснаа “Яах гэж байгаа юм бэ” гэхэд нь “Шалгуулах гэсэн юм” гэж хэллээ. Гэтэл нөгөө хүн нь Хүүхэлдэйн театрын дарга М.Чойжамц гуай өөрөө байсан. Тэгээд хэдэн хүнийг дуудаад дуулуулж, шүлэг уншуулж, этюд хийлгээд “Чи авьяастай хүүхэд байна. Маргааш чамайг 300 төгрөгийн цалинтай, дагалдан жүжигчнээр авлаа” гэхэд нь их баярласан. Тэр үед 300 төгрөг чинь их мөнгө байлаа шүү дээ. Ингээд маргааш өглөө 09:00 цагт ажилдаа ирэхэд хэлэмгий, бэлэн цэцэн үгтэй, бөгтөртүү нуруутай, ёжилж ярьсан бор ах угтаж авсан. Энэ хүн хэн байсан гээч, Бавуугийн Лхагвасүрэн. Анх ажилд орж байгаа болохоор хүн бүрийг ах аа, эгч ээ гэдэг байсан.
 
-Та хоёр хамтдаа олон жүжигт тоглосон уу?
 
-“Муурын байшин” жүжигт муурын байшин шатаж муур авгай, Василий өвгөнтэйгөө гахай, ямаагийнд очиж намайг хонуулаач гэж гуйхад хэн нь ч хонуулдаггүй. Ямаа, ухна хоёрын хөзөр тоглож байгаа хэсгийг одоо сонсоход их инээдтэй. Б.Лхагвасүрэн янзын ухна, би чинь янзын ямаа болно шүү дээ. “Яндан толгойт годрон чи яаж байгаа чинь энэ вэ. Аравтын бундангаар ахлах тамгыг маань дарчихлаа” гэхэд инээд хүрдэг байлаа. Хүний залуу нас, авьяас гэдэг гайхалтай юм байдаг юм байна. Бид хоёрын “Муурын байшин”, “Алтан загасны үлгэр”, “Сайхан дуу” гээд дэлхийн сонгодог зохиолыг радиод бичүүлсэн бичлэг одоо ч алтан фондод хадгалагдаж байгаа.
 
-Хэзээнээс радио, телевизтэй холбогдсон юм бэ?
 
-Орос ардын үлгэрээс сэдэвлэсэн “Лусын дагина” жүжгийн лусын дагины дүр надад оногдсон. Тэгээд радиод бичүүлэхэд найруулагч Алтангэрэл энэ жүжгийг радиод тааруулж бичсэн. Тэр үед телевиз байгаагүй ганцхан радио л байсан. Энэ үеэр надаас нэвтрүүлэгчийн хэллэг, дуу хоолойг олж сонссон юм билээ. Ингээд хэд хоногийн дараа над дээр ирж радиогийн нэвтрүүлэгч болохыг санал болгосон. Ингээд 19 настай радиогийн нэвтрүүлэгч болсон. Тэр үед нэвтрүүлэгч хүн алдаатай үг хэлээд шоронд ордог юм шиг боддог байлаа. Манай ах намайг “Чи шоронд орох нь уу” гэж загнаж байсан. Тухайн үед хуучин монголоор шууд уншдаг байсан гэж ярьдаг байсан. Энэ радио их сонин. Рагчаа гэдэг нэвтрүүлэгчийн уламжлалтай, би гурав дахь үе нь. Хамгийн анх радио нээгдэхэд Рагчаа гэдэг эмэгтэй нэвтрүүлэгч байсан. Энэ хөгшин одоо 90 гарч байна. Нэвтрүүлэгч гэж уран тод, чадварлаг уншигчид. Нэвтрүүлэгчийг задалж, тайлбарлаж болдог. Үнэн, уран тод яригчид. Жүжигчин хүний дүр өөрийнх нь жинхэнэ дүр дүрийнхээ цаана нуугдаж байдаг гэж ард түмэн ярьдаг. Гэтэл бид байгаагаараа байдаг.
 
-Жүжигчнээс радиогийн нэвтрүүлэгч болоход хэцүү байв уу?
 
-Жүжигчний ажилдаа нэлээд дадлагажсан байсан. Драмын театрт Д.Цээнямбуу гэж жүжигчин байсан. Ч.Лодойдамба сайд Д.Цээнямбуу бид хоёрт жүжигчний мэргэжлийн үнэмлэхийг шалгалтгүйгээр өгч байсан. Тэр үед сайд “Намайг драм юм уу, кино үйлдвэрт өг. Рагчааг кино урлагаас битгий гаргаарай” гэж хэлж байсан гэсэн. Хүн өөрөө сонирхлоо дагаад амьдралтай, хүүхэдтэй болоод ирэхээр хөдөө бригадаар явахад хэцүү байсан. Тиймээс суугаагаараа уншдаг юм нь зүгээр юм байна гэж бодож байлаа. Тэгээд 19 настай радиод орсон. Дараа жил нь буюу 1967 онд телевиз байгуулна гээд Москва руу Останкинод зургаан сарын курст явуулна, зурагт радио нээгдэнэ гэсэн. Тэр үед бид цагаан даавуун дээр кино үзнэ. Гэтэл айл болгонд шилэн дэлгэцээр кино гардаг болно гэхэд гайхдаг байлаа. Би тэр курстээ явж чадаагүй, жирэмсэн болохоор. Гаднаас хүн авч явуулсан нь “Хүргэн хүү”-д тоглосон С.Батсүрэн явсан. 1967 онд телевиз нээгдэж Монгол даяар хөл хөөр болсон доо. Тэр үед айл болгон зурагтгүй. Рекорд гэсэн жижигхэн дэлгэцтэй зурагт нь олдохгүй. Их үнэтэй байсан ч хүмүүс тоохгүй авч байсан. Зурагтгүй айлууд нь зурагттай айлдаа кинотеатрт кино үзэж байгаа юм шиг шавна. Анхны нэвтрүүлэгч С.Дорж, Б.Хишгээ, Б.Цэенханд гуай байсан бол хамгийн залуу нь С.Батсүрэн бид хоёр байлаа. Араас нь Доржбат, Харцага гэсэн нэвтрүүлэгч орж ирсэн. Өнөөдөр хамт ажиллаж байсан ахмад уран бүтээлчид болон ард түмний сэтгэлд сайхан дүрээ үлдээсэн, сайхан найз С.Батсүрэнгээ үгүйлж байна.  
 
 
23 настай Ж.Рагчаа. 1970 оны аравдугаар сар
 
-Тухайн үеийн нэвтрүүлэгчдэд их өндөр шаардлага тавьдаг байсан байх даа?
 
-Ажлын цензур их өндөр, түүнийг л дагана. Нэвтрүүлэгт ороход нэг үсэгнээс том алдаа гардаг л даа. Түүнийг засна уу гэхээс бүтэн өгүүлбэрийг бид засах эрхгүй. Тэгж бичсэн юмыг энэ яагаад ингээд хэлчихэв гээд асуудал болно шүү дээ. Дураараа загнасан гээд даргын зөвлөгөөнөөр ордог байлаа. Одоо цаг үе өөр болсон болохоор хэн сэтгэлгээтэй, хэн уран тод, сайхан хөгжилтэй, баясгалантай монгол хэлээрээ ярьж, хөтөлж чадаж байна түүгээрээ үнэлэгдэх үнэлэмжтэй болж дээ. Манайх буриад, хасаг, дөрвөд аялгаар ярихгүй. Төв халхаар ярина. Нэвтрүүлэгчдийн дуу хоолой хөг эгшиглэнтэй, цэвэр тод хэллэгтэй, өгүүлэхүйн эрхтэн зөв байрлалтай байж зөв сайхан дуугарч хүнд хоногшиж очдог юм. Би их азтай. Ганцхан радио, зурагт байхад ажиллалаа. Өнөөдөр зурагт, радио гэж нэрлэсэн шилэн дэлгэцтэй урлаг маань 50 дахь жилтэйгээ золгож байгаад сэтгэл их хөөрч баяртай байна. Би 50 жилээ үздэг их азтай юм гэж өөртөө баярлаж явна.
 
-Таны анхны телевизийн нэвтрүүлэг?
 
-Би хамгийн анх телевизийг урлаг гэж баталдаг нь “Авхаалж, сэргэлэнчүүдийн клуб” гэсэн залуучуудын оюун ухаан, үг хэллэг, авьяас чадварын сорилго тэмцээн байлаа. Үүний анхны найруулагч нь Бадрал байсан. Түүнтэй би олон дугаарыг хамтарч хийсэн. Мундаг, авьяас төгөлдөр найруулагч байсан даа. Харин радиод хүүхдээрээ орсон болохоор улс төр, мэдээллийн нэвтрүүлгийг аваргууд хийдэг байсан болохоор Банзрагч найруулагчтай ихэвчлэн хүүхэд, залуучуудын нэвтрүүлгийг хөтөлдөг боллоо. Тэр үед радио, телевизэд шинэчлэлт, өөрчлөлт, хувьсал явж байсан юм билээ. Энэ нь Москвагийн радиогийн туршлага байсан. Жүжигчин, нэвтрүүлэгч, хөтлөгчөөр хүүхэд, залуучуудын нэвтрүүлгийг хөтлүүлдэг. Яагаад гэвэл жүжигчилсэн, театрчилсан зүйлээр татдаг үе байлаа. Тэгээд 1968 онд телевизэд орсон. Телевизийн анхны олон ангит кинонуудын синхрон тайлбарыг нэг л нэвтрүүлэгч уншдаг байлаа. Одоо бол дүрээ дагаад явж байна. Залуу байхад ажил их байх тусам хөгждөг. Ийм сайхан үе надад ачаа үүрүүлсэн. Түүнийг ажрахгүй давсан нь миний 16 настай жүжигчин болсон алтан тайзын ач буян. Алтан тайз алтан л байдаг юм байна. Энэ ач буянаар би одоо өөрийгөө хөглөж, цэнэглэсээр тайзан дээр ард түмэнтэйгээ дуугаа дуулж, шүлгээ уншиж, ерөөлийн сайхан үгийг хэлээд хөтлөгч гэдэг зүйл рүү аяндаа орчихдог юм байна. Нэвтрүүлэгч хүний ярих нь хүртэл дуу шиг сонсогддог гэж Б.Явуухулан гуайн шүлэг байдаг.  
 
2006 онд Соёлын гавьяат зүтгэлтэн болжээ.
 
-Нэвтрүүлэгч болоод тохиолдсон хөгжилтэй зүйл их биз. Тэр үеийнхээ дурсамжаас манай уншигчидтай хуваалцахгүй юу?
 
-Хөгжилтэй зүйл их гарна. Гадуур явж байхад хүүхдүүд урд хойно гүйлдээд “Нөгөө зурагтын эгч зурагтан дотроосоо гарчихсан явж байна” гэнэ. Бас дэлгүүрт явж байтал “Хөөх зурагтын хүн явж байна. Манай зурагт эвдэрчихсэн, очоод үзээд өг” гэхэд нь “Инженерүүд нь тусдаа байдаг юм ах аа. Би ярьдаг нь” гэж хэлж байлаа. Хүмүүс их сонирхоно. Зурагтаар харснаас амьдаар нь харахад ямар өөр юм бэ гэхэд нь инээд хүрдэг байлаа. Хэд хоногийн өмнө гэртээ харихаар такси барьтал жолооч нь “Эгч ээ та нэвтрүүлэгч билүү” гэж асууж байсан. Энэ миний мэргэжлийн буян. Ийм өндөр босготой дэлгэц, радиод зэрэг яваа нь миний жүжигчин мэргэжлийн бахархал. Миний ийм сайхан дуу хоолойтой төрсөн нь Монголын байгаль, миний ээж аавын эрүүл өсгөсөн, миний өвөг дээдэс намайг дээш нь өргөж явж байгаа нь гайхалтай сайхан.  
 
-Одоо та ямар нэвтрүүлэг дээр ажиллаж байна вэ?
 
-50 жилийн өмнө ганц радио, телевиз нээгдэж байсан бол өнөөдөр олуулаа болжээ. Залуучуудаараа бахархаж байна, сайхан байна. Манай охид, залуучуудын төрх нь их гоё, соёлтой болсон. Манай ахмад нэвтрүүлэгчдээс Д.Ичинхорлоо, Г.Мандал, Ж.Дамиранжав гуай байна. Бид алтан үеийн алтан бамбарыг хүлээж авсан дунд үеийн хариуцлагатан. Алтан бамбараа алтан чигээр нь алтан үедээ хүлээлгэж өгч байна гэсэн бахархал надад байдаг. Хамт ажиллаж байснаас Г.Чулуунбат байна. Бид хоёр радио, телевизэд хамт байлаа. Би одоо хаашаа ч явахгүй МҮОНР-гийн “Гурван эрдэнэ” студид бурхны сургааль явуулж байна. Редактор нь Р.Чулуунцэцэг, найруулагч нь М.Цэнгэл, нэвтрүүлэгч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Рагчаа гэж хэлүүлэхэд үнэхээр бахархалтай. С.Ганбаатар, Б.Гантигмаа, С.Гантөмөр, Я.Болорчимэг гэсэн олон сайхан шавьтай. 
 
-Та аль аймгийн хүн бэ?
 
-Би Завхан аймгийн Сонгино сумын Мөнхийн суу гэдэг газар төрсөн. Өндөр уултай сайхан дулаахан газар. Миний сайхан ард түмэн та бүхэнтэйгээ 51 дэх жилдээ зүрх сэтгэлээрээ, өөрийнхөө төрх байдлаар хамт байгаадаа баяртай байна. Та бүхэндээ МҮОНРТ байгуулагдсаны 50 жилийн ойн баяр хүргэж эрүүл энх, амьдралын баяр баясгалан, өөдрөг сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.  
 
Р.Оюун
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин