sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Айл өрхүүдийн халаалтыг энэ сарын 15-наас, албан байгууллагын халаалтыг 10 дугаар сарын 1-нээс өгөхөд бэлэн болсон хэмээн Эрчим хүчний яамнаас мэдээллээ.
 
Нийслэлийн гэр хорооллын дөрвөн байршлын 71 халаалтын зуухыг зогсоож, төвлөрсөн дулаан хангамжид холбох ажлыг гүйцэтгэж байгаа аж. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг цалгардуулалгүй, шуурхай арга хэмжээ авч ажиллахыг Эрчим хүчний сайд П.Ганхүү үйлдвэр, компанийн удирдлагуудад үүрэг болгожээ.
 
Энэ дагуу эрчим хүчний салбарынхан өвлийн бэлтгэлээ базааж, өнөөдрийн байдлаар гүйцэтгэл 80 гаруй хувьтай явж буйг албаныхан хэллээ.
 
Тухайлбал өвлийн бэлтгэл базаах ажлын хүрээнд “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК зайлшүй хийх ёстой засвар үйлчилгээг дотоод нөөц боломжоороо  хийж  буй аж. Төвлөрсөн дулааны эх үүсвэрээс шугам татаж, 230 жижиг уурын зуух холбох ажлыг  эхлүүлсний 63 уурын зуухыг энэ онд багтаан холбох юм байна. Тодруулбал Маахуур толгой, Сонгинохайрханы цэргийн анги орчмын уурын зуухуудыг  холбож дуусгаснаар утааг багасгах боломжтой гэдгийг салбарынхан онцлов.
 
Харин шөнийн тарифыг хөнгөлөх бүсийг тэлэх юм байна.  Улмаар энэ оны 1 дүгээр сарын 1-нээс 4 дүгээр сарын 1 хүртэлх хугацаанд нийслэлийн 114 мянган хэрэглэгч хөнгөлөлтөд хамрах боломжтой болжээ. Мөн энэ жилийн хувьд Эрчим хүчний яам нийслэлд 15 жил цахилгаангүй амьдарсан 8000 айлыг цахилгаанд холбожээ.
 
Одоогоор Шивээ-Овоогийн уурхай 550 мянган тонн, Багануур 594 мянган тонн, Шарын гол 80 мянган тонн  нүүрсний нөөцтэй байгаа аж.
 
Б.Заяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг