НҮБ: Хэдэн сая дүрвэгч хүүхэд сургуульд сурч чадахгүй байна

Нийтэлсэн: 2017-09-13 13:14:57

ТОКИО. /Киодо/. 2016 онд нэг ч өдөр сургуульд явах боломж эдэлж чадаагүй 3.5 сая дүрвэгч хүүхэд дэлхийн хэмжээнд байна гэж НҮБ-ын дүрвэгчдийн асуудал эрхэлсэн газар мэдэгдсэнийг Японы “Киодо” агентлаг уламжилжээ.
 
НҮБ-ын Дүрвэгчдийн хэрэг эрхлэх дээд комиссарын газар энэ тухай мэдээллийг мягмар гарагт нийтэлсэн байна. Уг мэдээлэлд дурдсанаар, тус газрын ивээл дор буй 5-17 насны 6.4 сая дүрвэгч хүүхдийн талаас илүү хувь нь буюу 3.5 сая хүүхэд өнгөрсөн хичээлийн жилд сургуульд сураагүй байна.
 
Өнгөрсөн онд дэлхийн нийт бага насны хүүхдийн 91 хувь нь сургуульд сурсан бол дүрвэгч хүүхдүүдийн тухайд энэ үзүүлэлт  61 хувьтай гарчээ.
 
Дүрвэгчдийн хүүхдүүд өсөж том болохын хэрээр саад бэрхшээлүүд нэмэгдсээр байна. 2016 онд өсвөр насны дүрвэгч хүүхдүүдийн ердөө 23 хувь нь дунд сургуульд элссэн аж. Тэгвэл дэлхийн хэмжээнд өсвөр насны хүүхдүүдийн сургуульд хамрагдсан байдал 84 хувьтай гарсан байна.
 
Дээд комиссар Филиппо Гранди хэлэхдээ “Дүрвэгч хүүхэд залуучуудад боловсрол эзэмшүүлэх нь тэднийг хүлээн авсан улс орнуудын энх тайван ба тогтвортой хөгжилд маш чухал. Мөн дүрвэгчдийн хүүхдүүдэд боловсрол эзэмшүүлэх нь эх орондоо буцаж очих цагт ч өөрсдөд нь хэрэг болно” гэжээ.
 
Тэрбээр цааш нь ярихдаа “Дүрвэгч хүүхдүүд болон жирийн хүүхдүүд хоорондын сурч боловсрох боломжийн ялгаа улам бүр өргөжсөөр байна” гэж цохон тэмдэглэжээ.
 
Урт хугацааны төлөвлөлт, найдвартай санхүүжилт гарган дүрвэгч хүүхдүүдэд сурч боловсроход нь дэмжлэг туслалцаа үзүүлэхийг олон улсын хамтын нийгэмлэгт НҮБ-ын Дүрвэгчдийн хэрэг эрхлэх дээд комиссарын газар уриалж байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

0 сэтгэгдэл харуулж байна        

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: