sonin.mn
ПАРИС. /Франс Пресс/. Францчууд Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулсныг эсэргүүцэн улс орон даяараа эсэргүүцлийн жагсаал хийсэн тухай тус улсын “Франс Пресс” агентлаг мэдээллээ.
 
Мягмар гарагт болсон эсэргүүцлийн жагсаалд 223 мянган хүн оролцсон гэж Францын ДХЯ мэдэгдсэн бол Үйлдвэрчний эвлэлүүд үүнээс ч өндөр тоо хэлж байна.
 
Энэ нь Эммануэль Макрон ерөнхийлөгч болсноос хойш тус улсад болсон анхны томоохон эсэргүүцлийн  жагсаал аж. Тэрбээр жагсаалын үеэр эзгүй байсан бөгөөд “Ирма” хар салхины улмаас Карибын арлуудад учирсан хохирлын хэмжээг үнэлж, нөхцөл байдалтай танилцахаар явсан байжээ. Тодруулбал, тэрбээр өнгөрсөн долоо хоногт “Ирма” хар салхинд нэрвэгдсэн Сен-Мартин болон Сен-Бартс аралд очиж, нөхцөл байдалтай танилцсан байна.
 
Францын өмнөд нутгийн Марсель, Перпиньян болон Ницца хотод анх эсэргүүцлийн жагсаал эхэлж, улмаар баруун нутгийн Бордо, хойд нутгийн Гавр болон Каен хотын хэдэн мянган иргэнийг хамарсан томоохон жагсаал болж өргөжжээ.
 
Эсэргүүцлээ илэрхийлэгчид цагдаа нар руу янз бүрийн юм шидэж, зар сурталчилгааны шилэн самбарыг хагалж эвдсэн байна. Үүний хариуд аюулаас хамгаалах хүчнийхэн жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий цацаж, усан буугаар шүршжээ.
 
 
Тус улсын ДХЯ-ны мэдэгдсэнээр, эсэргүүцлийн жагсаалын үеэр 13 хүнийг баривчилсан байна.
 
Францын Хөдөлмөрийн тухай хуулийн томоохон заалтыг өөрчилж, одоогоор 9 хувьтай байгаа ажилгүйдлийн түвшинг 2022 он гэхэд 7 хувь болгож бууруулна гэж Э.Макрон амласнаар засгийн эрхэнд гарчээ.
 
Хөдөлмөрийн тухай шинэ хууль нь цалин хөлс болон ажилтнуудтай шууд холбоотой асуудалд илүү уян хатан хандах "боломж"-ийг компаниудад олгож, хууль бусаар ажлаас халагдсан хүмүүст олгох нөхөн төлбөрийн хэмжээнд хязгаар тогтоож өгчээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг