sonin.mn
ВАШИНГТОН. /VOA/. Энэ долоо хоногийн даваа гарагийн өглөө Сингапурын усанд нефть тээвэрлэгч хөлөг онгоцтой мөргөлдсөн “John S. McCain” байлдааны хөлөг онгоцны сураггүй байсан усан цэргүүдийн цогцсыг аврагчид олсон гэж АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин мэдэгдлээ.
 
Уг ослын улмаас таван усан цэрэг гэмтэж бэртэж, 10 усан цэрэг сураггүй болоод байсан юм.
 
АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний Номхон далайн флотын командлагч, адмирал Скотт Свифт өчигдөр сэтгүүчдэд мэдэгдэл хийхдээ “Цэргүүдийн цогцос хөлөг онгоцны гэмтсэн хэсгийн ойролцоох усанд автсан тасалгаануудаас олдсон” гэжээ.
 
 
Энэ нь сүүлийн хэдэн сарын дотор АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоц холбогдсон хоёр дахь “ноцтой” осол юм.
 
Өнгөрсөн зургадугаар сард “USS Fitzgerald” байлдааны хөлөг онгоц Японы Йокосүка боомт хотын усанд чингэлэг тээврийн хөлөг онгоцтой мөргөлдсөний улмаас Америкийн долоон усан цэрэг амиа алдсан билээ.
 
Адмирал С.Свифт хэлэхдээ “Тэнгисийн цэргийн хүчнийхэн чухам ямар учраас осол хийгээд байгааг олж тогтоож, асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авах болно” гэсэн байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг