sonin.mn
МОСКВА./TASS/. Германы “Scorpions” рок хамтлаг 2017 оны 10, 11 дүгээр сард аялан тоглолт хийхээр Орост хүрэлцэн ирнэ гэж аялан тоглолтыг зохион байгуулагчдын хэвлэлийн алба мэдээлжээ.
 
“Хамтлагийнхаа 50 жилийн ойг үргэлжилсэн аялан тоглолтоор тэмдэглэж буй “Scorpions” хамтлаг зогсох бодолгүй байгаа, тэгэхээр Оросын шүтэн бишрэгчид тус хамтлагийн нэрд гарсан “Wind Of Change”, “Rock You Like a Hurricane” болон бусад хит дуунуудыг амьдаар нь сонсох боломжтой болж байгаа юм” хэмээн зохион байгуулагчид онцлон тэмдэглэжээ.
 
Хамтлаг долоон концерт тоглох ба аялан тоглолт 10 дугаар сарын 28-нд Сочи хотоос эхэлж, 10 дугаар сарын 30-нд Красноярскт, 11 дүгээр сарын 5-нд Нижний Новгород хотод, 11 дүгээр сарын 7-нд Уфа-д, 11 дүгээр сарын 9-нд Екатеринбургт тоглох юм. Москва хотын шүтэн бишрэгчид 11 дүгээр сарын 1-нд Scorpion-ыг даган дуулах боломжтой болох бол Санкт-Петербургийн үзэгчдийн өмнө 11 дүгээр сарын 5-нд тоглох ажээ.
 
Орост хийх тоглолт нь 1990 онд гарсан “Crazy World” цомгийнхоо ойд зориулан дэлхий даяр хийж буй аялан тоглолтынх нь нэг хэсэг юм. Уг цомог 5 сая гаруй хувиар борлогдож байжээ.
 
“Хүйтэн дайн дуусах яг тэр үед бид "Crazy World" цомгийг гаргаж байсан, тэгээд шууд аялан тоглолт хийхэд дэлхий тэр үед үнэхээр "галзуу" юм шиг байсан, гэсэн хэдий ч амгалан тайван ирээдүй ирнэ гэсэн итгэл найдвар мэдрэгдэж байсан. Түүнээс хойш 26 жил өнгөрсөн ч дэлхий өдөр ирэх тусам улам л "галзуу" болж байна. Өдий олон жилийн өнгөрсөн ч гэсэн "Crazy World" одоогийн бидний хийж буй дэлхийг тойрох аялан тоглолтод тохирсон лоозон юм шиг санагдаж байгаа” гэж “Scorpion”-ы гоцлол дуучин Клаус Майне-гийн ярьсныг тус хэвлэлийн алба иш татжээ.
 
Германы “Scorpions” рок хамтлагийг Клаус Майне, Рудольф Шенкер, Матиас Ябс нар 1965 онд Ханновер хотод байгуулж байжээ. Тус хамтлагийн урын санд англи хэл дээр уянгын баллад, хүнд рок дуунууд байдаг байна. “Scorpions” рок хамтлаг дэлхийн 80 гаруй оронд нийтдээ 5000 гаруй тоглолт хийсэн төдийгүй 100 сая гаруй хувиар борлогдсон студийн 18 цомгийг гаргасан алдартай рок хамтлаг юм.
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг