sonin.mn
ФРИТАУН. /VOA/. Өнгөрсөн долоо хоногт Сьерра-Леонд 500 хүний амийг авч одсон хөрсний нуралт үүссэний улмаас халдварт өвчний тархалт ихсэж болзошгүй байна гэж Дэлхийн эрүүл мэндиийн байгууллагаас /ДЭМБ/ анхааруулав.
 
Ус бохирдож, эрүүл ахуй халдваргүйжүүлэлтийн тоног төхөөрөмж эвдэрсний улмаас Баруун Африкийн гамшигт өртсөн нутгийн ард иргэд хумхаа, гэдэсний халдварт өвчин, гэдэсний хижиг, булчин задрах тахал гэх мэт халдварт өвчнөөр өвчлөх магадлал улам ихсээд байна гэж ДЭМБ-аас анхааруулсан байна. 
 
Хамгийн сүүлд 2012 онд тус улсад булчин задрах тахал гарч байжээ.  ДЭМБ бусад эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран халдварт өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх, түүний эсрэг арга хэмжээ авахаар ажиллаж байна. 
 
Эрсдэл бүхий нутаг дэвсгэрт булчин задрах тахал өвчний эмчилгээний болон яаралтай шинжилгээний хэрэгслүүдийг хүргүүлсэн бөгөөд гол гол халдварт өвчнүүдийн шинж тэмдгүүдийг таньж оношилох аргад эрүүл мэнд, нийгмийн ажилтнуудыг сургаж байгаа юм. Мөн ДЭМБ-аас булчин задрах тахал өвчний болон яаралтай тусламжийн эмчилгээний хэрэгслүүдийг тус улсад илгээгээд байна. НҮБ-ын эрүүл мэндийн асуудал эрхэлсэн агентлагаас орон нутгийн оршин суугчдад гараа байнга угаах, ундандаа буцалгасан болон цэвэршүүлсэн ус ууж хэрэглэх, ариун цэврийн шаардлага хангасан бие засах газар орох, мөн хоол хүнсний эрүүл ахуй ариун цэврийн шаардлагыг хангаж байх талаар зөвлөмж өгч анхааруулж байна. 
 
Сьерра-Леоны нийслэл хот Фритауныг бүхэлд нь нөмөрч сүйрүүлсэн хөрсний нуралтын улмаас 500 гаруй хүн амиа алдаж, олон зуун хүн сураггүй алга болоод байгаа юм.
 
Х.Сарнай 
Эх сурвалж: Монцамэ агентлаг