sonin.mn
ШИНЭ ДЕЛИ. /ВВС/. Нөхөр нь гэртээ ариун цэврийн өрөө бариагүй гэх шалтгаанаар нэгэн энэтхэг эмэгтэйг гэрлэлтээ цуцлуулахыг шүүх зөвшөөрчээ.
 
20 орчим настай эмэгтэй таван жилийн өмнө гэрлэсэн ч гэрт нь ариун цэврийн өрөө байхгүй учир гадаа гарч биеэ засдаг байна.
 
Энэтхэгийн хуулиар гэр бүлийн хүчирхийлэлд байнга өртөх, хүнд хэцүү амьдарч байгаа зэрэг тохиолдолд л гэр бүл салахыг зөвшөөрдөг аж.
 
Ил задгай газарт бие засахад хүргэж буйг нь тамлан зовоож байгаагийн нэг хэлбэр гэж шүүгч үзсэн гэж эмэгтэйн өмгөөлөгч ярив.
 
Өчигдөр Ражастан мужийн шүүхийн гаргасан шийдвэрт “Энэ эмэгтэй гэрт нь ариун цэврийн өрөө байхгүй учир гадаа гарч бие засахын тулд харанхуй болохыг хүлээхээс өөр аргагүйд хүрдэг. Залуучууд тамхи, согтууруулах ундаа болон гар утас худалдан авахад мөнгө хайрлахгүй зарцуулдаг атал гэр бүлийнхэндээ амьдрах таатай орчин нөхцөл бүрдүүлэх, тухайлбал зориулалтын ариун цэврийн өрөө барих гэж хичээл зүтгэл гаргахгүй байна. Ариун цэврийн байгууламж байхгүйн улмаас олон эмэгтэй хүссэн үедээ бие засаж чадахгүй, гадаа бие засахын тулд харанхуй болохыг хүлээхээс өөр аргагүйд хүрч байна” гэжээ.
 
Дээрх эмэгтэй 2015 онд салах өргөдөл гаргаж байжээ.
 
 
Энэтхэгийн хөдөө орон нутагт гадаа ил задгай талбайд шээх, хүндрэх нь түгээмэл байдаг аж. Тус улсын Засгийн газар 2019 он гэхэд өрх бүрийг ариун цэврийн байгууламжтай болгох зорилт дэвшүүлээд байгаа хэдий ч энэ зорилтод хүрэхэд төдийлөн ахиц дэвшил гарахгүй байгаа аж.
 
НҮБ-ын Хүүхдийн сан буюу ЮНИСЕФ-ийн тооцоолсноор, өнгөрсөн онд Энэтхэгийн нийт хүн амын бараг тал хувь нь ил задгай газарт бие засаж байжээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг