sonin.mn
Түүхч, зохиолч, сэтгүүлч Н.Нагаанбуу агсны төрсөн нутаг бол Говь-Алтай аймгийн Дэлгэр сум юм. Тус сумын нутаг дахь Жартхай хэмээх Н.Нагаанбуу агсаны төрсөн бууцанд түүний номын садан, дотнын анд Данзанбалжирын Энхтайван гэрэлт хөшөө босгожээ.
 
Уг хөшөөн дээр “Монгол гүн ухаанч, түүхч, зохиолч Намсрайн Нагаанбуу 1953 онд Жартхай хэмээгч энэ газар төржээ” хэмээн бичсэн байна.
 
Н.Нагаанбуу нь “Их засаг” их сургуулийн хүндэт доктор, “Чингис хаан” дээд сургууль, Өвөр Монголын Багшийн Их сургуулийн зочин профессор цолтой, энэ цаг үеийн номт хүмүүсийн нэгэн байсан юм.
 
Н.Нагаанбуу нь сэтгүүлзүйн салбарт амжилттай ажиллаж шилдэг сайн нийтлэлүүд бичсэний төлөө МСНЭ-ийн нэрэмжит шагнал хүртсэнээс гадна “Монголын гурвал онол”, “Монголын он цаг тоолол”, “Монголын түүх соёлын нэр томьёоны гаргалаа”, “Монгол төр ёс заншлын үндэс” зэрэг судалгааны олон бүтээл туурвисан түүхч юм.
 
2001 онд “Хөх галын сүйтгэл” зөгнөлт романаараа МЗЭ-ийн шагнал, 2005 онд “Тэнгэрлэг түүх” түүхэн романаараа утга зохиолын оны шилдэг бүтээлд олгодог “Алтан-Өд” шагнал, “Амин ертөнцийн дуулиан”, “Айдсын мандлын нууц” уран зөгнөлт романуудаараа “Алунгоо” шагнал хүртсэн. Мөн уншигчдын талархал хүлээсэн “Алтайн тэнгэр” гурамсан роман, тууж өгүүллэгийн “Улаанбаатар”, жүжиг киноны зохиолын “Кино зохиолууд” түүврээ хэвлүүлсэн.
 
Мөн тэрээр Монголын түүх соёлд ихээхэн шаардлагатай Өвөрмонголын нэлээд хэдэн номыг монгол бичгээс кирилл бичигт хөрвүүлсний дээр “Их төрийн голомт” баримтат уран сайхны кино, “Их Монгол-800” “Бунхан”, “Их Монгол-800” зэрэг түүхэн баримтат кинонуудын зохиолыг бичин МҮОНТВ, Монгол кино нэгтгэлүүдтэй хамтран кино бүтээсэн нь тухайн үедээ Засгийн газрын тэргүүний болон хамгийн шилдэг бүтээлийн шагнал хүртэж байсан авьяаслаг уран бүтээлч байсан.
 
Тэрээр “Монгол он цаг тоолол” номоороо эрдэм шинжилгээний шилдэг бүтээлийн шагнал хүртэж, “Монголын гурвал онол”, “Монголчуудын дүүрэн чанарын онол” зэрэг таван номыг нь БСШУСЯ “Оны шилдэг бүтээл”-ээр шалгаруулж байв. Мөн хүүхдэд зориулсан уран бүтээлийн улсын анхдугаар уралдаанд “Чингис хаан” зохиол нь тэргүүн байр эзэлж байв.
 
Н.Нагаанбуугийн судалгаа, бүтээлийн өвөрмөц онцлог нь монголчуудын түүх, соёл, гүн ухааныг Түвд, Манжийн болон Зөвлөлтийн соёлын нөлөө хутгалдсан түүхээс ялгаж, язгуурын амин чанар, төрөлх үндсийг нь нээн илрүүлэх зорилготой байдаг. Тухайлбал “Монголын нууц товчоо”-нд дурдагдсан он цаг хугацаануудыг нанхиадын хуанли болон түвдийн литээр биш, эртнээс уламжилсан нүүдэлч малч дээдсийн цаг тооллын зурхай эрдмийг баримтлаж бичсэн хэмээн нотлож, эртний монгол зурхайн ухааныг судласнаар “Монгол он цаг тоолол”, “Монголчуудын анх энх мөнхийн амин зурхай”, “Нар сар оддын эртний монгол зурхай” зэрэг номууд бичиж улмаар “Монголын нууц товчоо болон дундад зууны Монголын түүхийн он цагийн асуудал” томоохон бүтээл туурвисныг нь нээлтийн шинжтэй хэмээн акедемич Ч.Далай, Н.Ишжамц, доктор професор Х.Шагдар, Ж.Базарсүрэн зэрэг нэр хүндтэй олон эрдэмтэн өндрөөр үнэлсэн байна.
 
“Монголын гурвал онол”, “Монгол ёс заншлын үндэс”, “Монголчуудын язгуур гүн ухаан”, “Итгэхүй ухаан” зэрэг бүтээлүүдийг нь Л.Түдэв, Ч.Далай, Ж.Авхиа, Х.Сампилдэндэв зэрэг олон нэрт эрдэмтэд өндөр үнэлж өмнөх үг өгүүлэл бичсэн байдаг.
 
Б.Дамдин
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин