sonin.mn
СИНГАПУР. /Reuters/. АНУ-ын сөнөөгч хөлөг онгоц Сингапурын эрэгт нефть тээвэрлэгч хөлөг онгоцтой мөргөлдсөний улмаас 10 усан цэрэг сураггүй болж, таван цэрэг гэмтэж бэрсэн гэж АНУ-ын тэнгисийн цэргийн хүчин мэдэгдлээ.
 
“USS John McCain” хөлөг онгоц өнөө өглөө үүрээр Сингапурын зүүн хэсэгт боомтод зогсохоор явж байхдаа Либерийн далбаатай хөлөг онгоцтой мөргөлдсөн байна.
 
Аврах болон эрэн хайх ажиллагаа ид өрнөж байна гэж албаны хүмүүс мэдэгдэв.
 
Нефть тээвэрлэгч “Alnic MC” хөлөг онгоцны статус болон хөлгийн багийнхны талаар хараахан тодорхой мэдээлэл алга. Гэхдээ уг хөлөг онгоц нь “USS John McCain”-аас бараг гурав дахин хүнд буюу 30 мянган тонн жинтэй гэсэн мэдээлэл байна.
 
Энэ нь сүүлийн хэдэн сарын дотор АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоц холбогдсон хоёр дахь “ноцтой” осол юм.
 
Өнгөрсөн зургадугаар сард “USS Fitzgerald” хөлөг онгоц Японы Йокосүка боомт хотын усанд чингэлэг ачсан хөлөг онгоцтой мөргөлдсөний улмаас Америкийн долоон усан цэрэг амиа алдсан билээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг