sonin.mn
СӨҮЛ. /Yonhap/. Солонгосын хойгийн байдал тогтворгүй байгаа энэ үед Өмнөд Солонгос ба АНУ-ын хүчнийхэн өнөөдрөөс хамтарсан цэргийн сургуулилт хийж эхлэх гэж байна.
 
Өмнөд Солонгос ба АНУ-ын “Ulchi Freedom Guardian” жил тутмын хамтарсан цэргийн сургуулилт өнөөдөр эхэлнэ. Энэ сарын 31 хүртэл үргэлжлэх цэргийн сургуулилтад АНУ-ын талаас 17500, Өмнөд Солонгосын талаас 50 мянга орчим цэрэг оролцоно.
 
Умард Солонгос энэ цэргийн сургуулилтыг эрс эсэргүүцэж байна.
 
Тус улсын төрийн мэдлийн Солонгосын төв мэдээллийн агентлагийн мэдээлэхдээ “АНУ-Өмнөд Солонгосын энэ сургуулилт  бүс нутгийн байдлыг дордуулна. Энэ бол гал дээр тос нэмж буй хэрэг” гэжээ.
 
 
Өнгөрсөн оны сургуулилтын үеэр Умард Солонгос Япон тэнгис рүү шумбагч хөлөг онгоцноос баллистик пуужин харваж байсан юм.
 
АНУ ба Өмнөд Солонгосын хүчнийхэн өчигдөр мэдэгдэл хийхдээ “Бид Умард Солонгосыг нухацтай ажиглаж, сонор сэрэмжээ дээшлүүлээд байна. Пхеньян дахин өдөөн хатгасан үйлдэл хийж болзошгүй” гэжээ.
 
Өмнөд Солонгост айлчилж буй АНУ-ын Номхон далайн командлалын тэргүүн, адмирал Харри Харрис “Умардын ямар ч аюул заналхийллээс Өмнөд Солонгосыг хамгаална гэж амласан байр сууриа АНУ хадгалсан хэвээр байх болно. Манай улсын хүчнийхэн цэргийн ажиллагаа явуулахад хэзээд бэлтгэлтэй байна” гэж Умард Солонгост анхааруулжээ.
 
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг