sonin.mn
ЛУАНДА. /Al jazeera/.  Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын /БНАКУ/ зүүн хойд хэсэгт орших Алберт нуурын эрэгт байдаг загасчдын тосгонд хөрсний нуралт болсны улмаас 60 хүн амиа алджээ.
 
Энэ долоо хоногт үргэлжилэн орсон ширүүн борооны улмаас Итури мужийн Тора тосгонд хөрсний нуралт үүссэн гэж албаны хүмүүс мэдэгдсэн байна.
 
Засгийн газрын болон эмнэлгийн ажилчдын мэдээлснээр 5 хүний амийг аварч чадсан боловч олон зуун хүн сураггүй алга болжээ.  
 
БНАКУ-ын иргэд хямралын хүнд байдалд байгаа бөгөөд 7.7 орчим сая хүн өлсгөлөнд нэрвэгдээд байна гэж НҮБ-ын хүнсний тусламжийн агентлагаас мэдээлсэн юм. Энэ явдал болохоос өмнө даваа гарагт Сьерра-Леонд хөрсний нуралт болж 400 гаруй хүн амиа алдсан билээ.
 
Мөн 2010 оны 5 дугаар сард тус улсын Кибирига тосгоны зүүн хэсэгт хөрсний нуралтад нэрвэгдэж 19 хүн амиа алдсан бөгөөд одоо болтол алга болсон 27 хүний цогцос олдоогүй байгаа аж. 2002 оны 2 дугаар сард Увира хотын зүүн хэсэгт лаг шавар, чулууны нуралтад өртөж 150 байшин живж, 50 хүн амиа алдаж байжээ. 
 
Х.Сарнай 
Эх сурвалж: Монцамэ агентлаг