sonin.mn
Энэ удаагийн “Аврагчийн хөрөг” буландаа Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26-р ангийн салаан дарга, дэслэгч Б.Гантөмөрийг урилаа. Тэрбээр Онцгой байдлын албанд үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ дууны шүлэг бичиж, уран бүтээл туурвидаг хос “морьтон” юм. Ингээд түүнтэй хөөрөлдсөнөө толилуулья.
 
-Онцгой байдлын алба гэдэг ард түмнийгээ авран хамгаалж, туслахын төлөө зориулагдсан хүндтэй хэрнээ хүндхэн алба. Энэ албыг сонгож алба хаах болсон шалтгаан тань юу байв?
 
-Онцгой байдлын албанд орж ажиллахыг багаасаа л мөрөөддөг байсан. Учир нь миний бага нас энэ байгууллагатай салшгүй холбоотой. Аавын талынхан маань цэргийн хүмүүс. Миний аав онцгой байдлын хурандаа цолтой н.Балдансүх гэж хүн бий. Аав маань Гал түймэртэй тэмцэх газар гэж байхад Тамгын газрын даргаар ажиллаж байсан. Оросын холбооны улсын Ленинград хотын гал эсэргүүцэх академийг Монгол Улсаас онц дүнтэй төгсөж байсан цөөн хүний нэг гэж ярьдаг. Аав маань энэхүү байгууллагын түүхэнд нэлээд зүйлийг гардаж хийсэн байдаг. Туршин шинжлэх лабораторийн эрхлэгчээр ажиллаж байхдаа их зүйлийг шинжилж тодорхойлсон юм билээ. Тухайлбал, лабораторийн хамт олонтойгоо хамтран монгол гэрийн гэр хоорондын галын аюулгүйн зайн хэмжээ, шатлагын хугацааг тодорхойлж байсан гэдэг.
Харин ээжийн минь талынхан урлагийн хүмүүс. Тиймээс л энэ хоёр эрхэмийнхээ залгамж учраас авьяас чадварыг нь өвлөж, хийж бүтээснийг нь үргэлжлүүлэхийг хүссэн юм. Энэ их мөрөөдлийнхөө дагуу СУИС-ийг хөөмийч мэргэжлээр төгсөөд Хууль сахиулахын их сургуульд элсэн орж, онцгой байдлын ажилтан-эрх зүйч мэргэжил эзэмшсэн. Ажилд орох өргөдлөө өгөөд есөн сар хүлээж байж Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26-р ангид гал сөнөөгчөөр томилогдсон доо.
 
 
-Аавын тань зүгээс Онцгой байдлын албаны ажилтан болохоор суралцана гэж байхад тухайн үед юу хэлж захиж байв?
 
-Хүн амьдралаа өөрөө л сонгодог шүү дээ. Би бага байхдаа аавыгаа дагаж ажил дээр нь их очдог байлаа. Аав, ээж маань надад үлгэр дуурайллыг маш сайнаар үзүүлж, аливаа зүйлд сэтгэл зүрхээ зориулж чадвал амжилт өөрөө ирдэг гэдгийг үргэлж хэлж захидаг. Онцгой байдлын албанд эр хүн бүр ажиллаад байдаггүй. Бас чин зоригтон бүр ажилладаггүй юм. Тиймээс мэргэжлийг нь эзэмшиж, бие бялдар, сэтгэл зүйн хувьд мэргэжлийн төлөвшлийг олж чадсан хүн л энэ албанд орж ажилладаг гэж боддог. Тэр ч үүднээс би энэхүү мэргэжлийг эзэмшихийн төлөө хичээн суралцсан, бие сэтгэлээ бэлтгэсэн.
 
-Анхны гэсэн юм бүхэн сэтгэлд тод мөрөө үлдээсэн байх нь бий. Таны хувьд ажилд ороод анх ямар дуудлагад явж байв?
 
-Анх айлын байшин шатаж байна гэсэн шөнийн дуудлагад явж байлаа. Шөнө болохоор ч тэр үү гал их сүртэй харагдаж байсан нь одоо ч санаанаас гардаггүй юм. Тухайн үедээ энэ галыг яаж унтраана даа гэж бодож, их л сандарч байсан. Гэхдээ хамт явсан гал сөнөөгч нарынхаа зааврын дагуу ажилласан. Галыг их, бага гэж хэзээ ч басаж болохгүй. Тиймдээ ч дуудлага бүрт яаж ажиллах, хэрхэн унтраах талаар туршлага хуримтлуулж л байна даа.
 
-Ингэхэд таны мэргэжлийн онцлог гэвэл юуг тодотгож хэлэх вэ?
 
-Монгол Улсынхаа байгалийн баялаг, эрдэнэт хүний амь нас, эд хөрөнгийг галын аюулаас авран хамгаалж байдгаараа гал сөнөөгч хүн нэг талаар гэгээнтэн байх. Харин нөгөө талаараа өргөсөн тангаргаа биелүүлж, ажил үүргээ гүйцэтгэж яваа жирийн нэгэн алба хаагч. Мэргэжлийн маань бас нэг онцлог нь бие махбодь, чин сэтгэл, сэтгэлзүй, ухаан гээд хүнээс гарч болох бүхнийг шаарддаг учраас бусдаас суралцаж, туршлага хуримтлуулах хамгийн чухал гэж бодож ажилладаг даа.
 
-Та гал сөнөөгч гэдэг онцгой мэргэжлээс гадна уран бүтээлч хүн. Саяхан “Алдар хүндийн эзэд” цомгоо гаргасан гэж сонссон. Цомгийнхоо тухай сонирхуулаач?
 
-Онцгой байдлын албатай миний амьдрал холбоотой учраас алдар гавьяаг нь дуугаар дамжуулан олон нийтэд сурталчлан таниулахыг зорьж, албаныхаа онцлогийг харуулсан “Алдар хүндийн эзэд” цомгоо гаргасан. Энэ цомогтоо Онцгой байдлын албаныхаа эгэлгүй сайхан мэргэжил бүрийн онцлогийг тусгасан уран бүтээлүүдийг оруулсан байгаа.
 
 
-Жишээлбэл?
 
-“Алдар хүндийн эзэд” дуу бол миний анхны уран бүтээл. Хөгжмийн зохиолч, УГЗ Ч.Сэр-Од багшийн аялгуугаар бүтсэн дуу байгаа юм. Энэ дуу маань миний дараа дараагийн уран бүтээл төрөх урам зоригийг надад өгсөн. Учир нь Гал түймэртэй тэмцэх байгууллагын 90 жилийн ойн үеэр анх тайзан дээр дуулагдаж байлаа. МУГЖ Э.Бүрнээбаяр, ХЦДБЧ-ын дуучин МУСТА н.Мөнхжаргал нар дуулаад дууссаны дараа үзэгчид дараагийн дууг зарлаад, ая нь эхэлчихсэн байхад дахиулья гээд алга ташиж байсан тэр мөч их том урам хайрласан. Үүний дараа “Ахлагчийн сургуулийн сонсогч”, “Онцгой байдлын сургуулийн сонсогч” дууны шүлгийг Хууль сахиулахын их сургуульд суралцаж байхдаа бичиж, хөгжмийн зохиолчдоор аялгууг нь хийлгэсэн. Мөн албаныхаа бүсгүйчүүддээ зориулж “Онцгой бүсгүйчүүд”, аврагч нартаа зориулж “Мөнхийн дайчин” гэх мэт дуунуудыг дурдаж болно. Уран бүтээл бүрээсээ урам зоригийг авч, албаныхаа мэргэжлийн онцлог бүрээс дараа дараагийнхаа уран бүтээлийн санаагаа олж авдаг даа.
 
-Ажил, үүргээ биелүүлнэ, уран бүтээлээ туурвина. Төлөвлөгөө л их чухал байхдаа?
 
-Тэгэлгүй яахав. Уран бүтээлч талаасаа төлөвлөгөөтэй ажилладаг. Цомогт багтаагүй хэд хэдэн уран бүтээл бий. Дараа дараагийнхаа цомгоо DVD, аудио хэлбэрээр гаргахаар төлөвлөж байгаа. Хувь хүнийхээ хувьд өөрийгөө хөгжүүлэх сургалтанд хамрагдахыг зорьж байна. Харин ажил, мэргэжлийн хувьд онцгой байдлынхаа чиглэлээр шат ахин суралцахаар төлөвлөөд л ажиллаж байна даа.
 
-Амьдралдаа баримталдаг ямар нэгэн зарчим байдаг уу, эсвэл?
 
-Онцгой байдлын алба өөрөө зарчимч, зохион байгуулалттай байхад сургадаг. Хувь хүнийхээ хувьд гэвэл мэргэжилдээ дурлаж, сэтгэл зүрхээрээ хандаж, чин сэтгэлээсээ хийхийг хичээдэг нь миний баримталдаг зарчим гэх юм уу даа. Хамгийн чухал нь зорилгоо зөв тодорхойлж, түүнийхээ төлөө хөдөлмөрлөх нь их чухал юм билээ. Зорилго тодорхой, түүнийхээ төлөө хөдөлмөрлөж байгаа хүнд хийх арга нь олдоно шүү дээ. Энэ ч үүднээсээ “Санаа зөв бол заяа зөв” гэж хэлэх дуртай.
 
-Ярилцсан таньд баярлалаа. Ажил, бүтээлийн амжилтыг хүсье.
 
Золбоот залуу насаараа ижилдсэн
Зураг нэгт сайхан андууд минь
Хурын усаар дэлхийгээ цутгах
Хувь заяаны ноён эздүүд болсон Онцгой байдлын байгууллагын нийт алба хаагч та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
 
Хүсэл мөрөөдлөөр жигүүрлэн, хүрэх оргил өөд тэмүүлж яваа түүнд амжилтын дээдийг хүсэн ерөөе.