sonin.mn
ИЕРУСАЛИМ. /Anadolu/. Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху пүрэв гарагт мэдэгдэхдээ “Аль Жазира” мэдээллийн агентлагийн Иерусалим хот дахь салбарыг хаахаар төлөвлөж байна" гэлээ.
 
“Аль Жазира”-ийн Иерусалим дахь салбар нь Ариун сүмийн уултай холбоотой асуудлаар хүчирхийллийг сурталчилж байгаа тул би уг оффисыг хаах тушаал өгсөн” гэж Б.Нетаньяху фэйсбүүк хуудсандаа бичсэн байна.
 
Тэрбээр цааш нь хэлэхдээ “хэрвээ энэ нь одоогийн мөрдөж буй хууль тогтоомжоор боломжгүй байх юм бол би “Аль Жазира”-г шахан гаргахын тулд шаардлагатай хууль тогтоомжийг тус улсын парламент болох “Кнессет"-ээр батлуулах болно “ гэжээ.
 
Израилийн эрх баригчид мусульман болон жүүд шашинтнуудын мөргөл үйлддэг Ариун сүмийн уул гэж нэрлэгддэг Аль-Аксагийн сүмийг хаасан бөгөөд 7 дугаар сарын 14-нд болсон буудалцааны улмаас өнгөрсөн 50 жилийн хугацаанд анх удаагаа баасан гарагийн мөргөл цуцлагдсан юм.
 
Израилийн засгийн газраас сүм дотор металл илрүүлэгч болон сүмийн хаалган дээр камер байрлуулсны дараа уг сүмийг дахин нээсэн байна. Энэ арга хэмжээг мусульман шашинтнууд эсэргүүцэн жагсаал хийж цагдаа нартай мөргөлдсөний улмаас 11 хүн амиа алдсан бөгөөд тэдний дунд 8 палестин хүн байжээ. Гэвч Израилийн засгийн газар суурилуулсан металл илрүүлэгчийг буцааж авахаас татгалзсан бөгөөд "дэлхийн улс орнуудад ч мөн адил сүм дугануудын аюулгүй байдлыг хангахын тулд ийм арга хэмжээ авдаг" гэж мэдэгдсэн байна.
 
Олон улсын зүгээс шаардлага тавьж байгаа учраас Израилийн аюулаас хамгаалах албаныхан металл илрүүлэгчээ буцааж авах шийдвэр гаргасан бөгөөд түүний оронд дэвшилтэт технологиор хийсэн хяналт шалгалтын ухаалаг уян хатан системийг ашиглахаар болсон байна.
 
Х.Сарнай 
Эх сурвалж: Монцамэ агентлаг