sonin.mn
ШИНЭ ДЕЛИ. /VOA/. Энэтхэгийн баруун нутагт болсон үерийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 119-д хүрсэн тухай лхагва гарагт албаны хүмүүс мэдээллээ.
 
Лхагва гарагт Гужарат мужийн Банасканта дүүрэгт 25 хүний цогцос олдсоноос 17 нь нэг гэр бүлийн хүмүүс байжээ. Банас голын сав газарт орших хоёр тосгонд нийт 25 хүний цогцсыг гаргаж авсан гэж цагдаагийн дэд дарга Акшараж Маквана "AFP" мэдээллийн агентлагт мэдээлсэн байна.
 
Зэргэлдээ орших Ражастан мужид 19 хүн амиа алдсан байна. Хотын гудамжууд, суваг шуудуу усанд автсан бөгөөд үерт боогдсон иргэд аврагчид ирэхийг хүлээн байшингийнхаа дээвэр болон өндөрлөг газарт авиран гарчээ.
 
Аврах албаныхан завь, нисдэг тэрэг ашиглан үерт автсан хүмүүсийг аюулгүй газарт хүргэсээр байна. Тэд үерт автсан нутгуудаас 36 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ.
 
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди мягмар гарагт Аруначал Прадеш, Ассам, Ражастан болон өөрийнх нь төрөлх нутаг болох Гужарат муж зэрэг үерийн гамшигт нэрвэгдсэн газруудад үүссэн нөхцөл байдлыг агаараас ажигласан байна. Тэрбээр хэлэхдээ "хүнд хэцүү байдлын өмнө сөхрөлгүйгээр түүнийг даван туулах"-ыг уриалаад засгийн газрын зүгээс шуурхай арга хэмжээ авах болно гэж амлажээ. 
 
Х.Сарнай 
Эх сурвалж: Монцамэ агентлаг