sonin.mn
“Нүүдэлчдийн соёлын наадам-2017” Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт орших Улаагчны хар нуурын хөвөөнд болж өндөрлөлөө.
 
ЕРДИЙН ХӨСӨГ БА МАШИНГҮЙ НААДАМ
 
Байгалийн үзэсгэлэн цогцолсон Улаагчны хар нуурын хөвөөнд гадаад, дотоодын зочид төлөөлөгчид “Нүүдэлчдийн соёлын наадам” үзэхээр ирсэн байлаа. Нэлээд зайдуухан машинаа тавьж наадмын төв талбай, түүнийг тойрсон таван хошуу малын отгуудыг зорихдоо ердийн хөсөг ашиглахаар зохион байгуулалтыг хийжээ. Мал сүргийн тоо өсч байгаа хэдий ч монгол ахуй, ёс заншил алсарсаар буй энэ цаг үед тус наадмыг зохион байгуулснаар уламжлалыг сэргээх ач холбогдолтой гэдгийг Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан онцолсон юм. Тэрээр дэлхийд гайхуулах монгол соёлоо олон улсад дархлах шаардлагатай учраас завханчууд анхлан санаачилж энэ наадмыг хийж буйгаараа онцлог гэдгийг цохон тэмдэглэлээ. Өв соёлоо дээдлэн дэлхийн тавцанд дуурсгах их үйлсэд нутгийн зон олон зочид төлөөлөгчид сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж байв. Сүүлийн үеийн тансаг машинаар бус монгол мориор, тэмээгээр, үхэр тэргээ хөлөглөн ирсэн наадамчин олон сэтгэл тэнэгэр байлаа. Унаган дагшин байгаль дэлхий, хүн зон, таван хошуу мал хүйн холбоотой бөгөөд монгол нүүдэлчдийн зан заншлыг хадгалан үлдэх нь бидний зайлшгүй хийх ажил гэдгийг УИХ-ын дэд дарга, эрхэм гишүүн Я.Санжмятав наадамчин олонд уриалсан юм.
 
Найман настай балчраас эхлэн 80 настай буурлууд морь, тэмээ болон үхэр тэрэг хөлөглөн төв талбайг зорьсон. Тэд “Олон жилийн тэртээ өртөөлөн мэдээлэл түгээж байсан эл хөлөг өдгөө асар удаан мэт байвч эртний соёлыг санагдуулсан сайхан арга хэмжээ болж байна” хэмээсэн юм. Мартагдаж буй уламжлал, ёс заншлыг сэргээх, дэлхийд тамгалах их үйлсийн гараа амжилттай эхэллээ.
 
 
МОРИН ДЭЛ ДЭЭР ДАВХИХ МОНГОЛ ТҮМЭН
 
Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт байрлах Улаагчны хар нуур нийслэлээс 1103 км, аймгийн төвөөс 110 км зайд оршиж буй. Хойд талаараа элсэн манхан, элсэн шанаагаар хүрээлэгдсэн. Харин урд талаараа эрэг орчмын шанаанууд нь зэгстэй ажээ. Мөн Жаахан нуур, Товхошийн сүрлэг уулаар хүрээлэгдсэн байна. Хар нуурын гүн нь 48 метр, уртаашаа 30 орчим км, өргөн нь 5-10 км сунаж тогтсон нуурт омуль, пельд загас үрждэг. Түүнчлэн нуурын голд далайн төвшнээс дээш 2600 метр өргөгдсөн их, бага хоёр Авгаш нэртэй уул бий. Хойд талаараа элсээр хүрээлэгдсэн Хар нуурыг нутгийнхан нь хангайн сувд хэмээдэг. Харин урд талаараа Товхош, Намаржаа, Хар хад гэсэн өндөр уулсаар хүрээлэгдсэн байдаг аж. Нууранд 13 төрлийн нүүдлийн шувууд ирдэг. Мөн нуурын дээгүүр шунх хэмээх цэцэг ургадаг бөгөөд дэлбээлсэн үедээ үзэсгэлэнтэй харагддаг хэмээн нутгийн ахмадууд хэллээ. Нуурын ус баруун өмнөөс хүрээлсэн манхан элсэн доогуур шурган, 10 гаруй булаг болон ундран шүүрч, Хүнгүйн голд нийлнэ. Тиймээс давсгүй, хужиргүй байдгаараа онцлог юм.
 
Наадмын нээлтэд оролцсон зочид төлөөлөгчид, тэр дундаа нутгийн удирдлагууд болон УИХ-ын дэд дарга, эрхэм гишүүн Я.Санжмятав наадмын талбайд мориор ирсэн. Тал нутагтаа салхи исгэрүүлэн давхих монголчуудын уухай тасраагүй гэдгийг тэд харуулсан юм.
 
 
АЛДАА ОНООНЫ ДЭНС...
 
Алдаатай, оноотой... гээд дууны мөр санаанд буув. Учир нь олны дунд сэтгэлд нийцсэн, нийцээгүй тухай яригдана. Хаа холоос явган ирэх нь төвөгтэй байна гэх гомдол ч гарав. Магадгүй машингүй наадахын тулд зайдуухан машиныг нь тавиулан морь, тэмээ, үхэр тэрэг хөлөглөх учиртайг хараахан мэдээгүй хүмүүс ч таарав. Мэдээж аливаа зүйлд алдаа оноо бий. Улаагчны хар нуурыг тойрсон уулын амуудад байрлах отгуудад зочлохын тулд багагүй зам туулна. Энэ нь олны эгдүүцлийг төрүүлсэн аж. Гэвч энэ нь нутгийн малчдад орлого оруулах далд агуулгатай байсан юм. Тэмээн болон үхэр тэргээр зочдод үйлчилж буй малчид сэтгэл өндөр байгаагаа хэлж байлаа. Идэр сумын адуучин н.Төмөр “Наадам үзэх санаатай ирсэн. Харин хүмүүсийг мориор зөөгөөд бас ч үгүй хэдэн төгрөгийн орлоготой буцах болж байгаа нь сайхан л юм. Гэхдээ морь унах гэж байгаа хүмүүсийн дийлэнх нь чадахгүй гэж байгаад сэтгэл жаахан гонсгор л байна. Уг нь монголчууд морин дэл дээр давхиж ирсэн ард түмэн шүү дээ” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. Хэдийгээр хотжиж байгаа гэдэг ч монгол ахуй, ёс заншлаа гээгдүүлж болохгүй гэдгийг судлаач, эрдэмтэд сүүлийн үед сануулах болсон. Тиймээс энэ удаагийн наадам соёлыг сэргээх, өв уламжлалыг хадгалахад давуу тал болох учиртай юм. Түүнчлэн наадмын талбайд худалдаа эрхлэгчид санасан орлогоо олж чадахгүй нь хэмээн сэтгэл дундуур байлаа. Гэсэн хэдий ч наадмын хоёр дахь өдрөөс хүмүүсийн хөл хөдөлгөөн нэмэгдэхийн зэрэгцээ худалдаа, наймаа идэвхжиж ирсэн нь тэднийг тайвшруулсан билээ. Ирэх жилүүдэд зохион байгуулалтыг оновчтой зохицуулахын тулд олон зүйлийг тунгааж буйгаа Тамгын газрын дарга Л.Лхамсүрэн хэллээ. Тэрээр автомашины зогсоолыг наадмын талбайгаас хол байлгасан гол зорилго нь аялал жуулчлалыг хөгжүүлэхийн зэрэгцээ малчдын орлогыг нэмэгдүүлэх байсан гэв. Өөрөөр хэлбэл, нутгийн малчид баярлахтайгаа зэрэгцэн орлого олох боломжийг бүрдүүлж буй.
 
Байгалийн үзэсгэлэн болон монгол ахуйг хадгалахад нутгийн удирлагууд анхаарлаа хандуулж байгаа аж. Завхан аймгийн тухайд 20 гаруй мянган өрхтэй бөгөөд 12 мянга нь малчин өрх юм байна. Тус нутгийн хувьд нутгийн онцлогоос шалтгаалан үхэр тэрэг, тэмээн хөсгөөр нүүдэллэдэг малчид бий гэнэ. Тиймээс малчдын нүүдэлчин соёлыг хадгалах нь тэдний гол зорилго. Завхан аймгийн Засаг даргын орлогч Б.Ариунаа “Энэ удаагийн наадмаар нүүдэлчин соёлыг хадгалах, түгээн дэлгэрүүлэхээс гадна малаас гарч буй түүхий эдийн эцсийн бүтээгдэхүүн болгон худалдаалж буй малчдын орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн. Эдгээр бүтээл нь ихэвчлэн уламжлалыг хадгалсан байдаг. Тэгэхээр нутгийн удирдлагын зүгээс нутгийн зон олны орлогыг өсгөх, цаашид орлого олох боломжийг бүрдүүлэхэд чиглэж байгаа юм” гэлээ.
 
Монгол түмний соёл уламжлалыг түгээн дэлгэрүүлэх “Нүүдэлчдийн соёлын наадам-2017” Улаагчны хар нуурын хөндийд амжилттай болж өндөрлөлөө.
 
 
 
Д.Оюунчимэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин