sonin.mn
КАРАКАС. /BBC/. Венесуэль улсын шинэ ассамблейг сонгох сонгуулийг цуцлахын тулд Ерөнхийлөгч Николас Мадурод шахалт үзүүлж буй сөрөг хүчнийхний зохион байгуулсан бүх нийтийн ажил хаялтад олон сая хүмүүс оролцжээ. 
 
Энэ үеэр цагдаа нар болон эсэргүүцэгчдийн хооронд мөргөлдөөн болсны улмаас 3 хүн амь үрэгдэж, 300 гаруй хүн баривчлагдсан байна. 
 
Н.Мадуро хэлэхдээ "энэ нь багахан хэмжээний ажил хаялт байсан бөгөөд түүнийг зохион байгуулагчдыг баривчлах болно" гэж мэдэгдлээ.  4 дүгээр сараас хойш сөрөг хүчнийхний эсэргүүцэл улам ширүүссээр байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд 100 орчим хүн амиа алджээ. Эсэргүүцлээ  илэрхийлэгчид нийслэл хот Каракас болон бусад хотуудын замыг хог болон тавилга овоолон хаасан байна. 
 
Сөрөг хүчнийхний мэдэгдэж байгаагаар, улсын хэмжээгээр нийт ажиллагсдын 85 хувь нь ажил хаялтад оролцсон ажээ. Харин засгийн газрыг дэмждэг хүмүүсийн амьдардаг дүүргүүдэд амьдрал хэвийн үргэлжилж, дэлгүүр хоршоо ажиллаж, гудамж талбайд хүмүүс олноороо явж байна. Төрийн албан хаагчид ч ажлаа хэвийн байдлаар үргэлжлүүлэн хийж байгаа аж.
 
Зарим хотуудад цагдаа нар эсэргүүцлээ илэрхийлэгчид рүү нулимс асгаруулах хий цацсан байна. Каракас хотын захын дүүрэгт нэг хүн, Валенсиа хотын хойд хэсэгт 2 хүн амиа алджээ. Улс даяар нийтдээ 360 гаруй хүнийг баривчилсан байна.
 
7 дугаар сарын 30-ны өдөр хийхээр төлөвлөөд байгаа шинэ ассемблейг сонгох сонгуулийн санал хураалтыг цуцлахыг Колумб, Франц, Испани, АНУ болон Европын Холбооны зүгээс Венесуэлийн эрх баригчдаас шаардаж байна. Гэвч Н.Мадуро энэ шаардлагыг хүлээн авахаас татгалзсан юм. 
 
Х.Сарнай 
Эх сурвалж: Монцамэ агентлаг