sonin.mn
ЛОНДОН./BBC/.  Их Британийн тэнгэрт нисч буй онгоцны тоо хэт олширсны улмаас агаарын орон зай хумигдаж байна гэж тус улсын Нислэгийг удирдах төвийн диспетчерүүд анхааруулж байна. 
 
Өнөөдөр буюу баасан гараг нь энэ жилийн хувьд хамгийн олон нислэгтэй өдөр болох төлөвтэй байгаа бөгөөд диспетчерүүд 8 800 гаруй нислэгийг зохицуулах гэж байгаа нь дээд амжилт гэж болохоор тоо юм. Иймээс Их Британийн агаарын нислэгийн орон зайг зохицуулах салбарт эрс шинэчлэл хийх шаардлагатай гэж Нислэгийг удирдах төв үзэж байна.
 
Ирэх 30 жилийн хугацаанд агаарын тээврийн салбарыг хөгжүүлэх талаар засгийн газрын зүгээс тодорхой шийдвэр гаргаснаар шинэчлэлийг хийж чадна гэж тэд үзэж байгаа юм. Нислэгийг хянах албаныхан энэ зун 770 мянган нислэгийг зохицуулах төлөвтэй байгаа бөгөөд энэ нь өмнөх жилийнхтэй харьцуулахад 40 мянган гаруй нислэгээр олон байгаа аж. Үүнээс үүдэн Их Британийн Үндэсний нислэгийг удирдах албаныхан ачааллаа даахгүй байдалд хүрээд байна. 
 
Х.Сарнай 
Эх сурвалж:Монцамэ агентлаг