sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэдийн зүгээс ирүүлсэн Дорнод, Сүхбаатар аймагт зээр олноор үхэх болсон талаарх мэдээллийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяраар ахлуулсан Ажлын хэсэг газар дээр нь ажиллаад ирсэн.
 
БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, холбогдох хүмүүст шуурхай заавар өгч байсан юм. Түүний хэлснээр цаг агаар эрчимтэй халж байгаа нь зээрийн харангадах гол шалтгаан гэж тайлбарласан. Зургаадугаар сарын сүүлчээр зээр төллөдөг учраас туниа муутай шаргачин, янзага эндэх нь элбэг байдаг.  Харин аймгийн Мэргэжлийн хяналтын газар, БОАЖГ, Цаг уурын газар зэрэг холбогдох албан газруудын ажилтнууд нөхцөл байдалтай танилцан, шуурхай ажиллан зээрийн сэг зэмийг устгах, ариутгах ажлыг эрчимтэй хийсэн болохоо танилцууллаа. Тухайлбал, Дорнод аймгийн БОАЖГ-ын дарга А.Гантулга “Сансрын хиймэл дагуулаас авсан зургаас үзэхэд манай аймаг ерөнхийдөө гантай байна. Зээр харангадаж үхсэн тухай эхний мэдээлэл зургаадугаар 28-нд ирсэн. Бид тус өдрөөс сумдад албан тоот хүргүүлж, шуурхай ажиллахыг үүрэг болгосон. Зургаадугаар сарын 29-нөөс эхлэн хоёр удаа ажлын хэсэг гарч, газар дээрээс нь ажилласан. Нутгийн бүх хэсгээр зээр үхээгүй. Юутай ч зээрнүүдийн сэг зэмийг арилгаж, халдваргүйжүүлж байна. Мөн дээж авч, Улаанбаатар луу явуулсан. Голдуу тэнхээ тамир муутай шаргачин, янзаганууд амь тавьсан бол бусад нь нүүдэллэж, Тосон хустай, Зүүн гол зэрэг нуур цөөрөм ширгээгүй газарт хүрч байна гэсэн мэдээлэл ирсэн. Шувууд харангадаж үхсэн тохиолдол гараагүй байна” гэж мэдээллээ.  Дорнод аймагт 700 мянга орчим зээр нутагладаг. Энэ зун тус аймгийн Халх голын баруун хойд хэсэг, Матад сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын заагаар зээр олноороо харангадаж үхжээ.