sonin.mn
Бээжин /МОНЦАМЭ/. Хөх хотын Шин Чөн дүүргийн Эрүүл мэнд, төлөвлөгөөт  төрөлтийн газарт тус хотын “Найрамдал” эмнэлгийн үйл ажиллагааны талаар гомдол мэдүүлжээ.
 
Өвчтөнийг хүчээр гарын үсэг зуруулан мэс ажилбарт оруулдаг, мэс заслын ширээн дээр байгаа өвчтөнөөс  төлбөр төлөхийг шаарддаг, мэс заслын дундуур төлбөрөө нэмдэг, цахим орчинд хууль бус реклам сурталчилгаа явуулдаг зэрэг зөрчлийг иргэд гомдолложээ.
Энэ сарын 18-ны өдөр дүүргийн Эрүүл мэнд, төлөвлөгөөт  төрөлтийн газар тус асуудлыг шалгуулахаар Худалдаа, аж үйлдвэрийн газар болон Хөгжил шинэтгэлийн газарт хандсан бөгөөд холбогдох газруудаас ажлын хэсэг гарч, эмнэлэгийн үйл ажиллагаанд хамтран шалгалт хийсэн байна.
Шалгалтын дүнд тус эмнэлгийн дотоод байдалд замбараагүй байдал үүссэн, хууль журмын дагуу ажилладаггүй, эмчилгээний чанар, аюулгүй байдал хангалтгүй зэрэг ноцтой зөрчил илэрсэн тул хуулийн дагуу 7 дугаар сарын 20-ны өдөр  эмнэлгийн үйл ажиллагааг бүрэн зогсоожээ.
 
А.Анхбаяр
Эх сурвалж: Монцамэ агентлаг