sonin.mn
ЭР-РИЯД. /Xinhua/. Саудын Аравийн цагдаа нар Нажд мужийн Усяки тосгон дахь эртний цайз дотор богино юбка болон богино цамц өмсөн алхсаныхаа төлөө баривчлагдсан эмэгтэйг сулласан байна.
 
Хулоод гэдэг нэртэй залуу эмэгтэйн олон нийтийн Snapchat сүлжээнд тавигдсан бичлэг нь амралтын өдрүүдэд интернетээр цацагдсаны дараа Эр-Рияд хотын цагдаа нар түүнийг баривчилсан юм. Уг бичлэг нь Хулоодыг шийтгэхийг шаардаж буй хүмүүс болон ямар хувцас өмсөхөө тэр өөрөө шийдэх эрхтэй гэж үзэж буй хүмүүсийн хооронд ширүүн маргаан үүсгэсэн юм.
 
Орон нутгийн хэвлэлд мэдээлснээр, мягмар гарагт суллагдахаасаа өмнө тэрбээр олон цагийн турш байцаагдсан байна. Уг бичлэгийг надад мэдэгдэлгүйгээр интернетэд тавьсан байсан гэж Хулоод мэдүүлжээ. Эмэгтэйд ямар нэгэн шийтгэл оноолгүйгээр суллаж, хэргийг хаасан байна.
 
Саудын Арави улсад олон нийтийн газар явж буй эмэгтэйчүүд нь биеэ халхлахын тулд хар өнгөтэй урт даашинз өмсч, үсээ хижаб малгай эсвэл ороолтоор халхлах ёстой байдаг гэнэ. Зарим эмэгтэйчүүд зөвхөн нүдээ харагдуулах төдийгээр нүүрээ халхлахын тулд бурка гэдэг өмсгөл өмсдөг байна.
 
Х.Сарнай 
Эх сурвалж:Монцамэ агентлаг