sonin.mn
АСТАНА./КАЗИНФОРМ/. Их Британийн BBC корпораци анх удаагаа өөрийн хамгийн өндөр цалинтай ажилтнуудын орлогыг олон нийтэд ил болгосон тухай ТАСС агентлаг мэдээллээ.
 
Уг мэдээллийг лхагва гарагт тус корпорацийн цахим хуудсанд байрлуулсан байна. Жилдээ 150 000 фунт стерлингээс дээш хэмжээний цалин болон урамшуулал авдаг 96 ажилтны орлогын мэдээллийг уг сайтад нийтэлжээ. Эдгээр ажилтнуудын жилийн орлого нийлээд 30 сая фунт стерлингт хүрчээ. Дээрх жагсаалтад орсон хүмүүсийн 2/3 нь буюу 62 нь эрэгтэйчүүд аж.
 
Жагсаалтыг Top Gear гэдэг автомашины тухай нэвтрүүлгийг хөтлөгч Крис Эванс тэргүүлж байгаа бөгөөд тэрбээр жилд 2,2 сая фунт олдог байна. Удаах байранд Английн шигшээ багийн довтлогч асан хөлбөмбөгийн тайлбарлагч Гарри Линекер орсон бөгөөд түүний орлого 1,75 сая фунт стерлинг болжээ.
 
Ажилтнуудынхаа цалингийн мэдээллийг нийтлэхийг Засгийн газар ВВС-гээс шаардсан аж. Дээрх мэдээллийг нийтлэхийн өмнө тус корпорацийн тэргүүн Тони Холл Засгийн газрын шаардлагыг таашаахгүй байгаагаа илэрхийлж байжээ. Түүний үзэж байгаагаар, цалингийн талаарх  мэдээлэл нь хөрөнгө чинээ ихтэй бусад мэдээллийн хэрэгслүүд ВВС-гийн ажилтнуудыг өөртөө татаж эхлэхэд хүргэж болзошгүй аж.
 
Ерөнхий сайд Тереза Мэй-гийн албан ёсны төлөөлөгч хэлэхдээ "Ерөнхий сайд дээрх мэдээллийг нийтэлсэн явдалд сэтгэл хангалуун байгаа" гээд "эрэгтэй болон эмэгтэй ажилтнуудын авдаг цалингийн зөрөөг арилгахын тулд илүү их хүчин чармайлт гаргах"-ыг уриалжээ.
 
1922 онд байгуулагдсан ВВС корпораци нь дэлхийн хамгийн олон жил ажиллаж буй хамгийн том телевиз, радиогийн нэвтрүүлгийн компани бөгөөд 21 мянга орчим ажилтантай аж. ВВС-гийн гадаад нэвтрүүлгийн алба нь 28 хэлээр мэдээлэл цацдаг байна.
 
О.Барс 
Эх сурвалж:Монцамэ агентлаг