sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод албан ёсны айлчлал хийж буй ХБНГУ-ын Берлин муж улсын Ерөнхий сайд бөгөөд Берлин хотын Захирагч ноён Михаель Мюллерыг өнөөдөр НЗД С.Батболд хүлээн авч уулзлаа.
 
Монгол болон ХБНГУ олон жилийн найрсаг харилцаатай байж ирсэн. Энэ хүрээнд орон нутгуудын захиргааны байгууллагуудын хамтын ажиллагаа ч өргөжиж байгаа юм. Тиймээс ноён Михаель Мюллерын айлчлал хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд томоохон түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагааг НЗД С.Батболд уулзалтын эхэнд онцлов.
 
Тэрбээр, “Берлин хотод болдог “ITB Berlin” аялал жуулчлалын үзэсгэлэнд Улаанбаатар хот 2015 оноос хойш жил бүр оролцож ирсэн. Дараа дараагийн үзэсгэлэнд ч тогтмол оролцож, эх орон, түүх соёлоо олон нийтэд сурталчилан таниулах болно. Үүнд баруун Европын гол хаалга болох Берлин хот томоохон нөлөөтэй юм” хэмээв.
 
Берлин муж улсын Ерөнхий сайд бөгөөд Берлин хотын Захирагч ноён Михаель Мюллер, “Өглөө онгоцноос буугаад шууд Улаанбаатар хотын төлөвлөлттэй танилцсан. Бүхий л хотын дарга нарын өмнө хүн амын орон сууцжуулах болон сургууль цэцэрлэг, эмнэлгийн хүртээмж зэрэг бүхий л асуудал байдаг. Миний бие Мөн нийслэлийн удирдлагуудтай хэрхэн хамтран ажиллах талаар ярилцсан. Тэгээд Монгол залууст мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх,  гүйнзгийрүүлэн суралцах чиглэлд хамтран ажиллах боломжтой гэж үзэж байгаа” гэлээ.
 
Уулзалтын үеэр НЗД хот төлөвлөлт болон нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх чиглэлд Берлин хотоос туршлага судлах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Ноён ноён Михаель Мюллер түүний хүсэлтийг хүлээн авч, дэмжихээ хэллээ. Мөн тэрбээр Улаанбаатар хотын төрийн захиргааны байгууллагуудын албан хаагчдыг Берлин хотод сургах боломжтой гэдгийг хэлсэн юм.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр
Эх сурвалж: Монцамэ агентлаг