sonin.mn
КАНБЕРРА. /BBC/. Австралийн Сенатын нэгэн гишүүн өөрийгөө хоёр улсын иргэншилтэй гэдгийг хүлээн зөвшөөрөөд ажлаа хүлээлгэн өгсөн байна. Өөрөөр хэлбэл, тэрбээр 9 жилийн турш парламентад ажиллаж байх хугацаандаа тус улсын Үндсэн хуулийг зөрчиж байсан гэсэн үг юм.
 
Сенатад цөөнх болдог Ногоон намын гишүүн Скотт Лудламын хэлснээр, тэрбээр Шинэ Зеландын иргэншилтэй гэдгээ өнгөрсөн долоо хоногт олж мэдсэн байна. Австралийн Үндсэн хуулинд зааснаар, давхар иргэншилтэй хүн төрд алба хашиж болдоггүй аж.
 
Ногоон намын дэд даргын албыг давхар хашдаг Лудлам хэлэхдээ "урьдчилан сэргийлж болох байсан алдаа гаргасан"-даа уучлал хүсчээ.
 
"Энэ бол миний алдаа байлаа. Би 2006 онд Сенатад нэр дэвшихээсээ өмнө үүнийг нягтлан шалгах ёстой байжээ" гэж тэрбээр хэлсэн байна.
 
С.Лудлам Шинэ Зеландаас гэр бүлийнхний хамт явах үедээ гурван настай байжээ. Өсвөр насандаа Австралийн иргэн болох үед Шинэ Зеландын иргэншил нь хүчингүй болсон гэж тэрбээр бодож байсан аж. 
 
 
Х.Сарнай 
Эх сурвалж: Монцамэ агентлаг