sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ, БНСУ-ын ЮНЕСКО-АПСЕЮ хамтран “Гэрэл зургийн анги” хөтөлбөрийг Монголд хэрэгжүүллээ.Тус хөтөлбөрийн хүрээнд “Өнөд орших өнгөлөг агшин” хэмээх Монгол, Солонгос сурагчдын гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Монголын Уран зургийн галерейд болов. 
 
Тус үзэсгэлэнд ЕБС-ийн 14-18 насны Монгол 20, Солонгос 7, нийт 27 сурагчийн монгол наадам, ахуй амьдрал, үзэсгэлэнт байгалийн сэдэвт гэрэл зургуудыг дэлгэжээ. Тэд тус хөтөлбөрийн хүрээнд Төв аймгийн Эрдэнэ сум, Тэрэлжийн үзэсгэлэнт газар болон Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд, Зайсан толгой зэрэг газраар гурав хоногийн турш аялан монголын ахуй амьдралыг дуран авайдаа буулгажээ.
 
 
НҮБ-ын харьяа Ази номхон далайн орнуудын боловсролын ойлголцлын төвийн захирал Жон Ү Так хэлэхдээ, “Бид дэлхийн олон оронд “Гэрэл зургийн анги” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Энэ удаагийн Монголд хэрэгжсэн тус хөтөлбөрөөр хүүхдүүдийн дуран авайд буусан гэрэл зурагууд бусад улсынхтай харьцуулбал илүү үзэсгэлэнтэй, гайхамшигтай урлагийн бүтээлүүд болжээ. Учир нь Монголын соёл, байгаль дахин давтагдашгүй үзэсгэлэнтэй учраас торгон агшин бүр урлагийн бүтээл болсон байна” хэмээн тодотгов.
 
Тус хөтөлбөр нь 2006 оноос хэрэгжиж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд Филиппин, Бутан, Лаос, Бангладеш, Малайз, Казахстан, Турк, Индонез зэрэг 15 оронд хэрэгжжээ.
 
Ж.Болор
Гэрэл зургийг Н.Батбаяр