sonin.mn
Улаанбаатар. /МОНЦАМЭ/ “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ”-ний гишүүн байгууллага болох "Глоб Интернэшнл" төвөөс Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанд телевизийн мониторинг хийсэн талаар тус төвийн хөтөлбөрийн зохицуулагч Б.Онон өнөөдөр мэдээлэл хийв.
 
Сонгуулийн сурталчилгааны хугацаанд таван телевизийн 1691 цаг 13 минут 42 секундын нэвтрүүлэгт мониторинг хийснээс 135 цаг 54 минут 10 секунд сонгуультай холбоотой мэдээлэл байсан аж. Энэ нь нийт эфирийн 8,2 хувийг эзэлж байгаа юм байна.
 
МҮОНТ-ийн нийт эфирийн найман хувийг сонгуультай холбоотой мэдээлэлд зарцуулсан бөгөөд 38 хувиар АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын мэдээлэл давалгайлсан гэв. Харин арилжааны телевизүүд аль нэг нэр дэвшигчийг онцлон илүү цаг зарцуулсан байна. Тухайлбайл “UBS”, “25 дугаар суваг” телевизүүдэд нэр дэвшигч Х.Баттулгын мэдээлэл давамгайлсан бол “C1” телевизэд нэр дэвшигч М.Энхболд, “TV9” телевизэд нэр дэвшигч С.Ганбаатарын мэдээлэл илүү цаг эзэлсэн аж. Арилжааны дөрвөн телевизийн дунджаар хамгийн их цагийг МАН-аас нэр дэвшигч М.Энхболдод зарцуулсан нь 38 хувь бол АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын цаг 37 хувийг эзэлжээ. Харин МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарт 24 хувь буюу хамгийн бага цаг оногдсон аж.
 
МҮОНТ-ийн мэдээллийн 53 хувь нь эерэг, 22 хувь нь сөрөг, 25 хувь нь төвийг сахисан өнгө аястай байсан аж. Бусад арилжааны телевизүүдийн дунджаар эерэг мэдээлэл 53,3 сөрөг мэдээлэл 33,3, төвийг сахисан өнгө аястай мэдээлэл 13,3 хувийг эзэлжээ. Хамгийн их эерэг өнгө аястай мэдээллийг UBS телевиз нэвтрүүлсэн нь 81, хамгийн их сөрөг мэдээллийг C1  телевиз нэвтрүүлсэн нь 56 хувь болсон аж.
 
 
М.Жавзмаа
Гэрэл зургийг Н.Батбаяр
Эх сурвалж: Монцамэ агентлаг