sonin.mn
ДУБЛИН./TASS/. Ирландын Дублин хотын Дээд түвшний судалгааны хүрээлэнгийн одон орны профессор Имон О’Горман тэргүүтэй хэсэг эрдэмтэд Анчны орд дахь Орионы мананцрын "Бетельгейз" гэдэг аварга том улаан одны нарийвчилсан зургийг авч чаджээ. Энэ тухай Ирландын “Irish Times” сонинд бичсэн байна.
 
Уг одны зургийг Чили улсын нутаг дэвсгэрт байрлах “ALMA” шинэ радио дуран авайн тусламжтайгаар авчээ. Энэ зураг нь аварга том одны гадаргуун температур, одод хоорондын орон зайд сансрын тоос хэрхэн үүсдэг зэргийг тодорхойлох боломж олгож байгаа юм.
 
“Бетельгейзийн гадаргуу нь нэг төрлийн бус гэдгийг одон орончид хэдэн арван жилийн өмнө  тогтоосон. Харин одоо бол бид гадаргуун температурыг нь тодорхойлж, улмаар температур нь агаар мандлын дагууд хэрхэн өөрчлөгдөж байгааг нь харах боломжтой боллоо. Эдгээр хэлбэлзлүүд нь манай Нарных шиг соронзон орноос үүсдэг” гэж Дублины судлаач ярьжээ.
 
Орионы мананцрын альфа гэгддэг "Бетельгейз" одны цацралт нь тогтворгүй учраас хувирамтгай оддын ангилалд ордог байна. Энэ бол шинжлэх ухаанд мэдэгдэж буй хамгийн том тэнгэрийн эрхэс бөгөөд түүний радиус нь Нарныхаас 850 дахин урт гэнэ. Аварга том энэ од Дэлхийгээс 650 гэрлийн жилийн зайд оршдог байна.
 
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг