sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Өнгөрсөн долоо хоногт  Улаан-Үд  хотноо  болсон Орос, Монгол, Хятад гурван улсын аялал жуулчлалын сайд нарын болон бүс нутгийн аялал жуулчлалын байгууллагын хоёрдугаар зөвлөлдөх уулзалтаар талууд протоколд гарын үсэг зуржээ.
 
Тодруулбал "Цайны зам" хөтөлбөрийн хүрээнд 2018 онд Байгаль нуур орчмын аялал жуулчлалын бүсэд хятадын талаас нэг сая жуулчныг аялуулах томоохон зорилтыг дэвшүүлж, дээрх протоколыг үзэглэсэн байна.
 
Зөвлөлдөх уулзалтаар бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд “Цайны зам” хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэхээр талууд саналаа нэгтгэжээ. Энэ үеэр УБТЗ-аас монголоор дамжин аялах нэг сая жуулчин тээвэрлэх, Улаанбаатар-Эрхүүгийн хооронд олон улсын хурдны галт тэрэг аялуулснаар Сүхбаатар, Наушки хилийн өртөөнд зогсолт эрс багасана гэдгийг тодотгосон байна. Улмаар хурдны галт тэргийг өдөр бүр 6-8 вагонтой аялуулах боломжтойг уламжилжээ.
 
"Цайны зам” хөтөлбөр хэрэгжиж эхэлбэл ирэх жилээс УБТЗ-ын зорчигч тээврийн алдагдал багасч, аялал жуулчлалаас орж ирэх орлого нэмэгдэх төлөв бий гэдгийг албаныхан онцлов. 
 
 
 Б.Заяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг