sonin.mn
БОГОТА. /ВВС/.  Колумбын хувьсгалт зэвсэгт хүчин буюу “ФАРК” хэмээх босогчдын бүлэглэл товлосон хугацаанаас нэг хоногийн өмнө зэвсгээ бүрэн хураалгалаа гэж тус улс дахь НҮБ-ын ажиглагчид өнөөдөр мэдэгдлээ.
 
НҮБ-ын мэдэгдсэнээр, босогчид нийтдээ 7132 зэвсгийг бүртгүүлж,  хураалгасан байна.
 
Мөн ажилагчид “ФАРК”-ийн хөдөө орон нутаг дахь зэвсгийн 900 нууц агуулахыг илрүүлж, 77 агуулахад байсан зэвсгүүдийг бүрэн хураан авчээ.
 
 
Зэвсэг хураалгах нь өнгөрсөн онд тус бүлэглэл болон Колумбын засгийн газрын хооронд байгуулсан энхийн хэлэлцээрт тусгасан гол нөхцлүүдийн нэг юм.
 
Энхийн хэлэлцээр нь талуудын хооронд хагас зуун жил гаруйн хугацаанд үргэлжилсэн зэвсэгт мөргөлдөөнд цэг тавьсан билээ.
 
Газар өмчлөх эрхтэй холбоотойгоор 1960-аад оны үед Колумбын Засгийн газар болон "ФАРК" бүлэглэлийн хооронд дэгдсэн зэвсэгт мөргөлдөөн нь 220 мянган орчим хүний аминд хүрч, зургаан сая хүнийг орон гэрээсээ дүрвэхэд хүргэсэн юм.
 
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг