sonin.mn
ЛОНДОН./TASS/. Их шүрэн далан /Australia's Great Barrier Reef/ нь Австрали улсад ямар хэмжээний шууд болон шууд бус орлого авчирдаг болохыг “Deloitte” компани тооцоолжээ. Энэхүү сувдан эргийн эдийн засаг, нийгэм, соёлын үнэ цэнийг тодорхойлсноор дэлхий дээрх хамгийн том амьд организмын зах зээлийн үнийг ойролцоогоор тогтоох боломжтой болсон байна.
 
Их шүрэн далангийн өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 42 тэрбум доллар болж байгаа ба энэхүү сувдан эрэг Австралийн эдийн засагт жил бүр 4.8 тэрбум долларын орлого оруулж, 64 000 ажлын байр бий болгодог гэж  “Deloitte” компани тооцоолжээ.
 
Үүнээс гадна, Их шүрэн далан нь эрдэмтдийн судалгааны материал болдог төдийгүй Австрали руу жуулчдыг татсанаар агаарын тээврийн компаниудын ашгийг нэмэгдүүлж, үндэсний эдийн засагт хэд хэдэн давуу талыг авчирдаг байна.
 
“Дэлхийн хамгийн том амьд бие махбодь, манай гарагийн хамгийн олон төрөл зүйлтэй, нарийн тогтоцтой эко систем болохынхоо хувьд Их шүрэн далан нь үнэлж баршгүй, цорын ганц байгалийн хосгүй бүтээл мөн” гэж дээрх судалгаанд дурджээ.
 
Их шүрэн далан нь сүүлийн жилүүдэд “гандаж” өнгөө алдаж эхэлсэн ба энэ нь уг сувдан арлын шүрнүүдийн нэг эст замаг нь /зооксантелл/ устаж байгаатай холбоотой аж. Зооксантелл нь шүрэн арал дотор амьдардаг тусдаа бичил бие махбодь бөгөөд шүрэн арал бодит аюулд нэрвэгдсэн үед зооксантеллүүд шүрэн арлаа орхин явдаг байна.
 
Чухам яг ийм зүйл Их шүрэн даланд  тохиолдоод байгаа ба хоёр жил дараалан эл байдал үргэлжилж байгаа аж. 
 
Судлаачдын үзэж байгаагаар, энэхүү үйл явц Их шүрэн далан цаашид оршин тогтноход аюул учруулж байна.
 
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг