sonin.mn
КИНШАСА. /Anadolu/. Конго улсын Киву мужийн Бени хотод шоронд хоригдож буй Ардчилсан холбоотны хүчний /ADF/ гишүүдийг суллахын тулд зэвсэгт халдлага үйлдсэн 12 этгээдийг Конгын армийн цэргүүд устгасан байна.
 
Үүнээс өмнөхөн өөр нэгэн шорон руу зэвсэгт этгээдүүд халдаж 900 гаруй хоригдлыг суллажээ. Хэсэг бүлэг зэвсэглэсэн этгээдүүд Бени хот дахь шорон руу нэвтрэхийг оролдсон гэж тус мужийн аюулаас хамгаалах албаны ажилтан, дэслэгч Роланд Башали мэдэгдсэн байна.
 
"Зэвсэглэсэн этгээдүүд эхлээд Калау болон Рвангомад байрлаж байсан цэргийн хоёр хуаран руу дайрч дараа нь Бенигийн цагдаагийн газар, түүний дараа шорон руу дайрсан боловч армийнхан тэднийг зогсоож чадлаа" гэж Р.Башали мэдэгдэлдээ дурджээ. Конгын зүүн нутагт байгаа босогчдын хэд хэдэн бүлэглэл цэргүүд, цагдаа нар болон энгийн иргэд рүү байнга халддаг байна.
 
Ерөнхийлөгч Жосеф Кабила 2016 оны 12 дугаар сарын 19-нд бүрэн эрхийнх нь хугацаа дууссан хэдий ч албан тушаалаа өгөхөөс татгалзсаны улмаас сүүлийн үед зэвсэгт халдлагын тоо эрс өссөн ажээ.
 
 
Х.Сарнай 
Эх сурвалж: Монцамэ агентлаг