sonin.mn
Москва /МОНЦАМЭ/.Энэ сарын 22-ны өдөр ОХУ-д Аугаа Эх орны дайн буюу Дэлхийн II дайн эхэлсэн өдрийг дурсан өнгөрүүллээ.
1941 оны 6 дугаар сарын 22-ны үүрийн 4 цагт Германы фашистууд дайн зарлалгүйгээр Зөвлөлт Холбоот улсруу дайран орж ирсэн юм. Аугаа Эх Орны дайнд гэр бүлийн гишүүнээ алдаагүй айл өрх гэж  Орост бараг байхгүй.
 
Тиймээс ОХУ-ын Ерөнхийлөгч Б.Ельцины зарилгаар 6 дугаар сарын 22-ны өдрийг ОХУ даяар дурсгалын өдөр болгон тэмдэглэн өнгрүүлэх уламжлал тогтсон.
Энэ өдөр Москва хотын төвд байрлах “Үл мэдэх цэргийн булш”-нд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Гадаа ширүүн бороотой байсан хэдий ч тэрбээр шүхэргүйгээр мэхийн ёсолж байсан бөгөөд цэцгэн хэлхээн дээр “Үл мэдэх цэрэгт ОХУ-ын Ерөнхийлөгчөөс” хэмээн дурсгалын үг бичсэн байв.  
1418 өдөр үргэлжилсэн дайнд ЗХУ-ын 27 сая хүн амь үрэгдсэн гэх тоо бий. Дайнд үрэгдсэн хүмүүсийн дурсгалд зориулж Москва хотод өчигдөр 200 гаруй арга хэмжээ болсноос хамгийн том нь зул өргөх ёслол байсан юм. Энэ арга хэмжээ нь ОХУ-аас гадна Беларусь, Литва, Латви, Эстони, Украйн, АНУ зэрэг улсад мөн болж өнгөрчээ. 
 
Л.Нандиа 
Эх сурвалж: Монцамэ агентлаг