sonin.mn
ЛОНДОН./BBC/. Иракт алба хааж буй Канадын нэгэн мэргэн бууч 3450 м-ийн хол зайнаас зэвсэгт этгээдийг устгасан нь рекорд үзүүлэлт боллоо гэж “Globe and Mail” сонинд мэдээлжээ. Канадын цэргийн тусгай хүчний командлал үүнийг нотолсон боловч дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.
 
Тус сонинд бичсэнээр, 2 дугаар нэгдсэн шуурхай бүлгийн нэгэн албан хаагч “Лалын улс” бүлэглэлийн зэвсэгт этгээдийг McMillan TAC-50 загварын мэргэн буучийн винтовоор буудан устгажээ. Сум байндаа тусах хүртлээ 10 секунд ниссэн байна.
 
Энэхүү буудлага нь “Лалын улс” бүлэглэлийн зэвсэгт этгээдүүд Иракийн аюулаас хамгаалах хүчнийхэн рүү хийж буй дайралтыг бараг зогсоож чадсан” гэж Канадын зэвсэгт хүчний командлал мэдэгджээ.
 
“Энэ бол зэвсгийг маш оновчтой хэрэглэсэн тохиолдол юм. Мэргэн бууч маш хол зайд байсан болохоор "муу залуус" юу болж буйг ухаарах чадваргүй байсан. Зэвсэгт этгээдийг устгаж байгааг дүрс бичлэгээр баталгаажуулж авсан ” хэмээн эх сурвалж ярьсан байна.
 
“Энэ бол итгэмээргүй өндөр ур чадвар. Энэ бол хэзээ ч эвдэгдэхгүй дээд ” гэж тэрбээр нэмж хэллээ. 
 
Өмнөх рекордыг Их Британийн мэргэн бууч Крейг Харрисон тогтоосон бөгөөд тэрбээр “Талибан” бүлэглэлийн зэвсэгт этгээдийг 2475 м-ийн хол зайнаас буудан устгаж байжээ. Энэ явдал 2009 онд Афганистанд болсон юм.
 
 
О.Барс 
Эх Сурвалж: Монцамэ агентлаг