sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/ ЦЕГ-ын удирдлагууд  өнөөдөр “Дэлхийн дуучин-2017” уралдааны  Ари төрөлд дэлхийн шилдэг таван дуучны нэгээр шалгарсан Г.Ариунбаатарыг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр  “Чингис хаан” одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин, цагдаагийн ахмад Ганбаатарын Ариунбаатарт Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар цагдаагийн хошууч цол олгов.
 
Цагдаагийн Сүлд чуулгаас урлагийн гараагаа эхэлсэн түүнд монгол цагдаагийн нэрийг өндөрт өргөн, дэлхийд таниулж яваа тул ийнхүү цол олгожээ. Тэрбээр Английн Лондон хотод болсон  “BBC Cardiff Singer of the World 2017” буюу “Дэлхийн дуучин-2017” уралдааны дэлхийн шилдэг 20 дуучинд шалгаран, хоёр төрлөөр өрсөлдөж, Романсын төрөлд тэргүүн байр эзэлж, Ари төрөлд дэлхийн шилдэг таван дуучны нэгээр шалгарсан юм.  Г.Ариунбаатар тус уралдаанд Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын “Монголын тал нутаг” дууг дуулж, монгол хүний авьяас, монгол хөгжмийн гайхамшгийг дэлхийд гайхуулсан явдал болсонд монголчууд ч баяртай байна.
 
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг