sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ИБУИНВУ-ын Уэлсийн нийслэл Кардиф хотноо болсон 'BBC Cardiff Singer of the World” буюу “Дэлхийн дуучин” тэмцээний “Романс” төрөлд тэргүүн байрыг эзэлж, “Ари” төрөлд дэлхийн шилдэг таван дуучны нэгээр шалгарсан МУГЖ, “Чингис хаан” одонт Г.Ариунбаатар өнөөдөр эх орондоо ирлээ. Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт Б.Шаравын хөгжим, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн З.Түмэнжаргалын шүлэг "Монголын тал нутаг" дууг дуулж дэлхийн тайзнаа Монголын сонгодог урлагийн бүтээлийг эгшиглүүлсэн түүнтэй уулзаж сэтгэгдлийг нь хуваалцсан юм.
 
-Юуны өмнө Монгол Улсынхаа нэрийг цуурайтуулж, “Дэлхийн дуучин” болсон танд баяр хүргэж байна.  
-Маш их баярлалаа. Нар хур тэгширсэн, сайхан өдөр эх орондоо ирлээ. Нийт газар нутагт минь ган тайлагдсан маш сайхан өдөр байна. Сэтгэл их хөдөлж байна.
 
-BBC агентлагаас зохион байгуулдаг Дэлхийн шилдэг дуучин шалгаруулах тэмцээнд та амжилт гаргасныг монголчууд бүгд үзэж, сонсож бахархсан. Энэ мөчид таны сэтгэгдлийг сонсмоор байна?
 
-Үнэхээр гайхалтай сайхан байлаа. Уэлсийн Кардиф хотод очиж, энэ өндөр зэрэглэлийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлж оролцсондоо маш их баяртай байна. Мэдээж маш их эмээж байлаа. Юу гэвэл, П.И.Чайковскийн нэрэмжит уралдааны Гранпи шагнал хүртсэний дараа эрсдэл дагуулж, энэ уралдааныг сонгож оролцсондоо эмээж, тааруухан дуулчихвий гэж айж байсан. Бэлтгэлээ маш их хичээж хийсний үр дүнд сайхан амжилт гаргалаа.
 
-Дэлхийн тэмцээний тайзнаа “Монголын тал нутаг” дууг дуулсан нь олон хүнийг омогшуулж, бахархуулсан. Сонголтынхоо талаар хуваалцаач? 
 
-Эхний төрөлдөө би Төрийн соёрхолт Н.Жанцанноров багшийн “Чиний минь нулимс” романсыг дуулсан. Хоёрдугаар шатандаа Төрийн соёрхолт Шарав багшийн “Монголын тал нутаг” гээд сайхан дууг сонгож дуулсан. Энэ дууг би “Монгол сонгодог” тоглолтдоо дуулж байсан юм. Дэлхийн тайзнаа Монголын сонгодог хөгжмийг толилуулах нь миний мөрөөдөл байсан учраас энэ сонголтыг хийсэн. Үзэгчид ч үнэхээр гайхалтай сайхан хүлээн авч, дуулсныхаа дараа маш их сэтгэлийн жаргал амсаж байлаа.  
 
-Та дэлхийн сонгодог урлагийн дөрвөн том тэмцээнд оролцож, тэргүүн байр, Гранпри-г нь хүртсэн. Энэ удаагийн тэмцээн юугаараа онцлог байв?
 
-Энэ удаад би Европ руу, тэр дундаа өндөр зэрэглэлийн үзэгчидтэй, соёлтой оронд очиж оролцсон нь онцлог байлаа. Европ стилиэр хэрхэн дуулах гэх мэт, тэр бүрийг бэлдэж, өөрийгөө бага зэрэг өөрчилж оролцсон. 'BBC Cardiff - Singer of the World” буюу “Дэлхийн дуучин” тэмцээн нь Романс, Ари гэсэн хоёр төрлөөр явагддаг. Романс гэдэг нь дууны төрлийн хамгийн дээд төрөл гэж болно. Энэ төрөлд тэргүүн байр эзэлсэн. Ари төрөлд 20 оролцогчоос шилдэг таван дуучны нэгээр шалгарч, финалд орсон.
 
-Таны ойрын төлөвлөгөө юу байна вэ?
 
-Удахгүй болох баяр наадмынхаа концертод оролцоод, хэд хоног амарч авна даа. Тэгээд дараа дараагийн ажилдаа орно. Сая Европын нэлээн томоохон агентуудтай гэрээ байгуулах, цаашдын хамтын ажиллагаа зэргээр ярилцсан. Есдүгээр сараас ажиллаж эхлэх байх.
 
 
Монгол Улсын гавьяат жүжигчин, Санкт-Петербург хотын Мариинскийн театр болон Буриадын ДБЭТ-ын гоцлол дуучин Ганбаатарын Ариунбаатар нь П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын XV уралдааны I байр болон Гранпри шагнал, М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуулаачдын XXIV уралдааны I байр, Шилдэг баритон дуучны шагнал, Муслим Магомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын III уралдааны I байр, Олон улсын дуулаачдын Байгал II уралдааны тэргүүн байрын шагналыг тус тус хүртэж, Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнагдсан билээ. 
Төв аймгийн Баян-Өнжүүл суманд 1988 онд төрсөн тэрбээр Зуунмод хотын Хүмүүн цогцолбор сургуулийг 2005 онд, Монгол Улсын СУИС-ийг Дуурийн дуулаач мэргэжлээр 2009 онд төгссөн юм. 
 
 
Н.Гантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Эх сурвалж: Монцамэ агентлаг