sonin.mn
ВАШИНГТОН. /ВВС/. Афганистаны үндэсний армийн дүрэмт хувцсыг үйлдвэрлэхийн тулд Америкийн татвар төлөгчдийн 28 сая долларыг хий дэмий үрсэн байна гэж АНУ-ын татварын ерөнхий байцаагч Жон Сопко мэдэгдлээ.
 
Татвар төлөгчдийн төлсөн мөнгөний зарцуулалтын талаарх тайланд дурдсанаар, Афганистаны газар нутгийн ердөө 2.1 хувийг ой мод эзэлдэг хэдий ч албаны хүмүүс “ойн” хээ бүхий дүрэмт хувцсуудыг худалдан авсан байх юм.
 
“Афганистаны байгалийн өнгө төрхтэй зохицохгүй ийм хээтэй хувцас сонгосон нь өөрсдийгөө дайсанд хялбархан барьж өгч буй хэрэг юм” гэж байцаагч хэллээ.
 
Түүний хэлснээр, 2007 онд Афганистаны Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан Абдул Рахим Вардак ийм хээтэй дүрэмт хувцсыг сонгосон аж. 
 
Тухайн үед сайд Вардактай дүрэмт хувцасны загварыг онлайнаар хайж байсан АНУ-ын албаны хүмүүс хэлэхдээ “сайдад хээ таалагдсан учир шууд л сонгосон” гэж ярьжээ.
 
Загвар хөөн татвар төлөгчдийн 28 сая долларыг зүгээр л салхинд хийсгэсэн гэж Жон Сопко үзэж байна.
 
Афганистанд явагдаж буй цэргийн ажиллагаанд хэт их мөнгө зарж, татвар төлөгчдийн мөнгийг хий хоосон үрэн таран хийж байна гэж АНУ-ын Татварын ерөнхий газар Пентагоныг нэг бус удаа шүүмжилж байсан юм.
 
 
Г.Доржханд
Эх сурвалж:Монцамэ агентлаг