sonin.mn
БАМАКО. /VOA/. Малигийн нийслэл хотын орчим дахь амралтын газарт болсон халдлагын үеэр 2 хүн амиа алдсан ба уг халдлагыг лалын шашинт амиа золиослогч этгээд үйлдсэн байж болзошгүй гэж тус улсын Аюулгүй байдлын яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ.
 
Хэвлэлийн төлөөлөгч Баба Сиссе хэлэхдээ “хохирогчдын нэг нь Франц болон Габон улсын давхар иргэншилтэй хүн байсан. Харин нөгөө хохирогчийн иргэншлийг тогтоохоор ажиллаж байна" гэв. 
 
Барууныхан олноороо очдог Бамако хотын захад байдаг Доугоуракоро дахь "Le Campement Kangaba" амралтын газарт буутай этгээд нэвтрэн ороод гал нээж, хэд хэдэн хүнийг барьцаанд авсан байна. НҮБ болон Малигийн зэвсэгт хүчин тус бүсийг хамгаалалтандаа авчээ.
 
Мали дахь лалын шашинт хэт давруу үзэлтнүүд зөвхөн тус улсын хойд нутагт идэвхтэй үйл ажиллагаа явуулж байсан бол сүүлийн жилүүдэд өмнөд нутагт халдлага үйлдэх нь олширсон байна. 2015 оны 11 дүгээр сард Бамако хот дахь дээд зэрэглэлийн "Radisson Blu" зочид буудалд халдлага болж, 22 хүн амиа алдсан юм. Энэ халдлагын хариуцлагыг лалын хэт давруу үзэлтнүүдийн "Аль-Каида" болон "Аль-Мурабитун" бүлэглэлүүд өөртөө хүлээсэн юм. 
 
Х.Сарнай 
Эх сурвалж: Монцамэ агентлаг