sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, мэдээ мэдээлэл, зөвлөгөө өгөх зорилго бүхий ХНХЯ-ны “Нээлттэй хаалганы өдөрлөг” өнөөдөр Сүхбаатарын талбайд эхэллээ.
 
Маргааш буюу энэ сарын 20-ныг дуустал үргэлжлэх энэхүү өдөрлөгт ХНХЯ-ны харьяа Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, ЭМНДЕГ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар болон МСҮТ-үүд оролцож, төрийн бодлого, зорилт, үйл ажиллагаагаа танилцуулж байна. Түүнчлэн 21 аймаг дахь ХНХЯ-ны харъяа байгууллагууд өнөөдөр аймгийнхаа төв талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулж байгаа аж.
 
ХНХЯ нь Монгол Улсын 865 мянган өрх, 3 сая гаруй иргэнд хүрч үйлчилдэг томоохон салбар. Эдийн засгийн хүндрэлээс үүдэн сүүлийн жилүүдэд нийгэмд ядуурал ихсэх болсон. Ядуурал гэдэг нь ажилгүйдэлтэй шууд холбоотойг. Тиймээс өнөөдрийн өдөрлөгийн зорилго ажилгүйдлыг бууруулж, иргэдийг ажлын байранд зуучлахад чиглэж байгааг ХНХ-ын сайд Н.Номтойбаяр онцлов.
 
Тэрбээр, “ХНХЯ зөвхөн ажилгүйдлыг бууруулахаас гадна хөдөлмөрийн харилцаатай холбоотой бусад зохицуулалтуудыг хийдэг. Энэ хүрээнд бид Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцүүлж байна. Хүн хариуцлагатай, сахилга баттай ажилласан бол цалин хөлс, урамшууллыг нь нэмдэг болох тогтолцоо руу шилжинэ.
 
Түүнчлэн иргэдийг ажлын байраар хангаж буй аж ахуйн нэгж байгууллагуудаа дэмжих, урамшуулах хэрэгтэй. Тухайлбал, хөнгөлттэй зээлийн бодлого байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд жилд 51-60 тэрбум төгрөг цуглардаг. Энэ мөнгийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр арилжааны банкуудаар дамжуулан аж ахуйн нэгжүүдэд 3-4.8 хувийн хүүтэй зээлэх юм. Төрийн зүгээс аж ахуйн нэгжийнхээ боловсон хүчний чадавхыг бэхжүүлэхэд ихээхэн анхаарч байгаа. Тухайлбал, энэ онд Австрали улс руу 100 залуусыг явуулж сургах талаар ярилцаж байна. Цаашдаа ажил олгогч болон иргэдийг холбох олон ажлыг хийх болно” гэлээ.
 
Өдөрлөгийн үеэр ЭМНДЕГ үйл ажиллагаагаа танилцууллаа. ХНХЯ, ЭМНДЕГ хамтран тэтгэврийн болон багш, эмч нарын цалингийн зээлийн хүүг бууруулсан. Тэтгэврийн зээлийн хүү жилийн 18 хувь байсныг 15 болгон бууруулсан. Ингэснээр 38.7 мянган тэтгэвэр авагч 32.1 тэрбум төгрөгийн цалингийн зээл авснаас 210 сая төгрөгийн хүү чөлөөлөгджээ. Харин цалингийн зээл 21-23 хувийн хүүтэй байдаг. Эхний ээлжинд багш, эмч нарын цалингийн зээлийн хүүг 18 хувиас хэтрэхгүй байх зохицуулалт хийгээд байгаа юм. Түүнчлэн ЭМНДЕГ-аас хэрэгжүүлж буй “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд 10 мянга 350 иргэн элэгний C вирусийн эм худалдан авсан бөгөөд үүнд 4.1 тэрбум төгрөгийн хөнгөлөлт олгоод байгаа аж. Цаашдаа иргэдийн эрүүл мэнд, нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэхэд гол анхаарлаа хандуулахаа илэрхийлэв.
 
Өдөрлөгт MCS, Өгөөж зэрэг 60 гаруй аж ахуйн нэгж оролцож, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн зүгээс иргэдийг 20 мянган нээлттэй ажлын байранд бүртгэж байна. Иргэдийн зүгээс цалин өндөр, тогтвортой ажлын байр хайж байгаагаа илэрхийлж байлаа. Харин аж ахуйн нэгжүүдийн зүгээс чадварлаг, тууштай мэргэжилтэн ажилд авах сонирхолтой байгаа хэмээсэн юм. Учир нь залуучууд тууштай ажилладаггүйгээс гадна хариуцлагагүй байдлаас болж аж ахуйн нэгжүүд хохирдог гэнэ. Тиймээс ажилтан, албан хаагчдаа сургах, мэргэжил дээшлүүлэхэд анхаарч байгаа аж.
 
Мөн өнөөдрийн өдөрлөгт ХНХЯ-ны харъяа МСҮТ үйл ажиллагаагаа танилцуулж байна. МСҮТ-үүд нь гагнуурчин, токарь, өрлөгчин гэх мэт захиалга өндөртэй байдаг мэргэжлээр боловсон хүчин бэлтгэдэг. Гэвч сүүлийн жилүүдэд залуучууд ихэвчлэн их, дээд сургуульд сурах сонирхолтой болсон. Үүнийг дагаад МСҮТ сурах залуусын тоо буурч байна. Ингэснээр зарим мэргэжлийн хөдөлмөрийн зах зээл дэх эрэлтийг хангаж чадахгүй байгааг МСҮТ-ийн удирдлагууд онцолж байв.
 
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
Эх сурвалж: Монцамэ агентлаг