sonin.mn
ЛОНДОН./BBC/. Лондон хотын баруун дүүрэг дэх нэгэн өндөр барилгад гал түймэр гарсны улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 12 болсон тухай цагдаагийн газар мэдэгдлээ. Энэ тоо цаашид өсч магадгүй байна.
 
Зүүн Кенсингтон дахь Гренфелл тауэр гэдэг 24 давхар өндөр барилгад гал гарах үед уг байшин дотор 600 орчим хүн байсан бололтой. Тэднээс 68 хүнийг эмнэлэгт хүргэжээ. 18 хүний биеийн байдал маш хүнд байна. Олон хүн сураггүй алга болжээ. 
 
“Гал сөнөөгчид байшинг бүхэлд нь нэгжиж үзсэн, харамсалтай нь барилга дотор галаас амьд гарсан хүн байгаа гэдэг би итгэхгүй байна” гэж Лондон хотын Гал түймэртэй тэмцэх газрын төлөөлөгч Стив Аптер хэллээ.
 
Байшин бүхэлдээ галд автсан бөгөөд зарим давхруудад галыг унтрааж чадаагүй хэвээр байна. Гал гарсан шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа юм. Галыг унтраахаар 200 гаруй гал сөнөөгч ажиллаж байна. Гал командынхан дуудлага авснаас хойш 6 минутын дотор гал гарсан газарт иржээ.
 
Гренфелл-тауэр гэдэг энэ барилгыг 1974 онд барьсан бөгөөд саяхан их засвар хийсэн аж.
 
Олон хүний аминд хүрсэн эмгэнэлт явдал болсонтой холбогдуулан Их Британийн Консерватив нам болон Ардчилсан юнионист нам хамтран ажиллах тухай асуудлаар хэлэлцээ хийж байснаа зогсоожээ. Ийм учраас Их Британийг Европын Холбооноос гаргах тухай асуудлаар 19-ний өдөр хийж эхлэхээр товлосон хэлэлцээ тодорхойгүй хугацаагаар хойшлох нь тодорхой боллоо.
 
 
Х.Сарнай  
Эх сурвалж: Монцам агентлаг