sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр тохиож буй Цусны донорын дэлхийн өдрийг МУЗН, ЦССҮТ хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Бусдын төлөө та юу хийж чадах вэ?” сэдвээр “Өнөөдрөөс эхлэн тогтмол хугацаанд цусаа бэлэглэцгээе” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ.
 
Манай улс сайн дурын авлагагүй донорын эгнээг өргөжүүлэх зорилгоор эл өдрийг 14 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.
 
Энэхүү үйл ажиллагааг нээж ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр хэлэхдээ, “2016 онд Улаанбаатар хотод 25380, хөдөө орон нутагт 7620 донор буюу улсын хэмжээнд нийт 33 мянга орчим донор цусаа бэлэглэж, 15 нэр төрлийн 82 мянга гаруй нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэж эмнэлгүүдийн хэрэгцээг ханган ажиллаж байна. Монгол Улс өнгөрсөн онд нийт хүн амын дунд донорын эзлэх хувь 1.1 хувь, нийслэлийн хэмжээнд 1.8 хувьд хүрсэн. Бид энэхүү арга хэмжээг ганцхан өдөр тэмдэглээд өнгөрдөггүй, эл өдрийг угтан олон арга хэмжээ  зохион байгуулсан. Олон нийтийн дунд донорын үйлсийг сурталчлах чиглэлээр Нийслэлийн аж ахуйн нэгж компаниуд, Улаанбаатар хотын иргэдийг цусаа бэлэглэе гэдэг уриалгыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд цусаа хандивлах үеэрээ гаргасан. Түүний дагуу нийслэлийн харьяа төр захиргааны байгууллага болох 40 гаруй байгууллага цусаа бэлэглэх үйлсэд оролцсон” гэв.
 
Энэ үеэр бусдын амь насыг аврахын төлөө цусаа бэлэглэдэг ачтан доноруудын ариун үйлсийг сурталчлан, олон нийтэд алдаршуулсан юм.
 
 
Нийт 35 болон түүнээс дээш удаа цусаа бэлэглэсэн доноруудад МУЗН-ийн “Хүндэт донор” цол олгов. Улаанбаатар хотод 2017 онд 52 донор “Хүндэт донор”-ын болзол хангасан  байна. Энэ жилийн хамгийн залуу “Хүндэт донор”-оор 21 настай Б.Бямбажав тодорч цол тэмдгээ гардав.
 
Мөн 2001 оноос тогтмол хугацаанд 200 гаруй удаа цусаа бэлэглэсэн 41 настай Д.Бум-Эрдэнийг анх удаа “Топ донор”-оор өргөмжилж, “Топ 200” цом гардууллаа.
Тэрээр хэлэхдээ, “Хамгийн анх 2001 онд эхнэр маань ихэр охин төрүүлсэн. Охидын биеийн байдал хүнд байсны улмаас цус сэлбэх шаардлагатай болсон. Түүнээс хойш 16 жил цусаа бусадад бэлэглэж байна. Нэг удаагийн цус өгөлтөөр гурван хүний амь авардаг гэж ярьдаг. Тэгэхээр өөрийгөө буянтай сайхан үйл хийж явна л гэж боддог. Энэ хугацаанд нийт 200 удаа цусаа бэлэглэж, ойролцоогоор 600 гаруй хүнд амьдрал бэлэглэжээ. Цусаа өгөх тусам надад улам сайхан мэдрэмж төрдөг. Цуснаас гадна сийвэн, эс зэрэг цусны бүрдэл хэсгийг 14 хоногт нэг удаа, дөрвөн удаагийн давтамжтай, нэг сар амраад эргээд өгдөг. Залууст хандан хэлэхэд цусаа бэлэглэн, хүн хүнийхээ амь насыг аварч, хүмүүнлэгийн үйлсэд нэгдэхийг уриалж байна” гэв.
 
 
 
Түүнчлэн байгууллага хамт олноороо донорын эгнээнд нэгдсэн МУБИС-ийн Багшийн сургууль, Зэвсэгт хүчний 326 дугаар анги, Улаанбаатар хотын Цагдаагийн газар зэрэг байгууллагыг “Донор хамт олон”-оор өргөмжлөв.
 
Мөн үеэр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд эрүүл мэндийн талаарх сургалт сурталчилгаа, зөвлөгөө өгөх, анхан шатны тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлэх вэ талаар сургалт явуулж байлаа. Доноруудад хүндэтгэл үзүүлэн өглөөний алхалтад ЦССҮТ, МУЗН8 ОБЕГ, Монголын донорын холбооны хамт олон нэгдэв.
 
 
Ж.Болор
Гэрэл зургийг Т.Чимгээ
Эх сурвалж: Монцамэ агентлаг