sonin.mn
МОСКВА./TASS/. Мэдээллийн аюулгүй байдлыг хангах салбарт ажилладаг Америкийн "Dragos" пүүс мэдэгдэхдээ "Оросын хакерууд  Америкийн хотуудын эрчим хүчний сүлжээний компьютеруудын ажиллагааг зогсоож чадах программыг зохиосон байна" гэсэн дүгнэлт хийжээ. Энэ тухай “The Washington Post” сонинд бичсэн байна.
 
“CrashOverride” гэдэг нэртэй энэ хорлон сүйтгэгч программ нь эрчим хүчний системд нэвтрэн орсноор цахилгааныг хэдэн цагаас хэдэн өдрийн хугацаанд салгаж чадах гэнэ. Уг программ нь компьютерийн системд анзаарагдахгүйгээр нэвтрэн ордог ба улмаар хэд хэдэн цэгт нэгэн зэрэг ажиллаж эхэлдэг байна. “Dragos”-ын баталж байгаагаар, Оросын хакерууд өмнө нь ийм вирусыг Украины эрчим хүчний системд халдахдаа ашиглаж байжээ.
 
Мөн “CrashOverride” программд бага зэргийн өөрчлөлт хийснээр АНУ-ын эрчим хүчний системийн эсрэг ашиглах боломжтой аж. “Dragos”-ын тайланд дурдсанаар, Оросын Засгийн газрын даалгавраар ажилладаг хакерууд сүүлийн жилүүдэд АНУ-ын эрчим хүчний болон бусад инженерийн системүүдийг сонирхох болсон байна. 
 
АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам “Dragos”-ын тайланд тайлбар хийхээс татгалзжээ.
 
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг